2024/02/08
LEGAL NEWSLETTER
Сайн байна уу?
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн 2024 оны #3 дугаарыг уншигч танд хүргэж байна.
Энэ удаагийн дугаарт:
- “Компанийн засаглалын кодекс”-ын хэрэгжилтийн үнэлгээний 2023 оны тайлан
- Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг танилцуулъя.
Stay connected, stay informed!
Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль
1. “МХБ”-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд “Компанийн засаглалын кодекс”-ын хэрэгжилтийн үнэлгээний 2023 оны тайлан гарлаа
Нээлттэй хувьцаат компани, зарим мэргэжлийн оролцогчид Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 145 дугаар тогтоолоор батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-ыг дагаж мөрдөх үүрэгтэй.
Санхүүгийн Зохицуулах Хороо 2023 оноос эхлэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниудын засаглалын кодексын хэрэгжилтийг хянан баталгаажуулж эхэлсэн. 2023 оны компанийн засаглалын кодексын хэрэгжилтийн тайланд МХБ-ийн I, II ангиллын 69 ХК, III ангилалд бүртгэлтэй 35 ХК нийт 104 хувьцаат компанийг хамруулсан ба компанийн засаглалын үзүүлэлт 2022 оны үнэлгээтэй харьцуулбал дунджаар 17.1 хувиар өссөн байна. Тайлантай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Компани засаглалын кодексын тайлан гаргаснаар компанийн засаглалын түвшинг тодорхойлох, эрсдэлийн дүн шинжилгээ хийх, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарыг татах болон засаглалаа сайжруулах хөшүүрэг бий болгох зэрэг давуу талтай.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1 дүгээр ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын сайн болон муу хэрэгжсэн кодексын үзүүлэлтүүдийн талаар
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо. Компанийн засаглалын кодексын үнэлгээний тайлан 2023 он. 10 дахь тал
Компанийн засаглалын үнэлгээгээр тэргүүлэгч 10 компанийн талаар
Жагсаалтаас үзвэл, тэргүүлэгч 10 компанийн 8 нь МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй, 2 нь II ангилалд бүртгэлтэй компани байна
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо. Компанийн засаглалын кодексын үнэлгээний тайлан 2023 он. 17 дахь тал
2. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж байна
Монгол Улс гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулсан анхдагч хуулийг өнгөрсөн оны 12 сард баталж, энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Тус хуулиар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбогдсон харилцааг зохицуулж
байна. Энэхүү хууль нийт 9 бүлэг 41 зүйлээс бүрдсэн ба үүнээс ач холбогдолтой зохицуулалтуудыг тоймлон танилцуулъя.
Гэрийн тэжээвэр амьтанд ямар амьтан хамрах, түүний асран хамгаалагчид ямар үүрэг, хариуцлага хүлээлгэж буй талаар
“Гэрийн тэжээвэр амьтан” гэж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан уламжлагдан маллаж ирсэн таван хошуу мал, ашиг шимийг нь ашиглах зорилгоор гэршүүлэн үржүүлж байгаа амьтан, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавж, зөөлөн биетэн, эгэл биетэн, зэрлэг амьтан, албаны нохойгоос бусад буюу гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой амьтад хамаарахаар хуульчилжээ. Тодруулбал, гэрийн тэжээвэр амьтан гэдэгт гэршүүлэн тэжээж буй нохой, муур, могой гэх амьтдыг хамруулан ойлгохоор заажээ.
Гэрийн тэжээвэр амьтныг бусдаас хуульд заасны дагуу шилжүүлэн авах (бэлэглэх, зөвшөөрөлтэй байгууллагаас худалдаж авах гэх мэт хамаарч болно), эзэнгүй амьтныг асран хамгаалалтад авах, өөрийн гэрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалалтад авах замаар иргэнд гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагчийн эрх үүснэ.
Асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх шаардлага тавигдаж байна. Иймд, насанд хүрээгүй хүүхэд гэрийн тэжээвэр амьтны хууль ёсны асран хамгаалагч гэж үзэхээргүй байна.
Асран хамгаалагчийн эрх, үүрэг хариуцлагын талаар
Асран хамгаалагчийн сургалтад хамрагдах:
Мөн нохой, муурын асран хамгаалагч нь мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн сургалтын байгууллагаас зохион байгуулж буй нохой, муурын төрөл, үүлдрийн онцлог, хооллолт, эрүүл мэнд, арчилгаа, асран хамгаалагчийн эрх, үүрэг болон холбогдох бусад зөвлөмж, мэдээлэл агуулсан сургалтад хамрагдах үүрэгтэй байна.
Нохой, муурандаа бичил чип суулгуулах, харьяа байгууллагад бүртгүүлэх:
Асран хамгаалагч, үржүүлэгч нь нохой муураа хуульд заасан хугацааны дотор мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр бичил чип суулгуулж, харьяа баг, хорооны Засаг даргад бүртгүүлэх, нохой, муур үхсэн эсхүл асран хамгаалагч өөрчлөгдсөн тохиолдолд тус бүртгэлд өөрчлөлт оруулах үүрэг хүлээнэ. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар бичил чип суулгуулах, сургалтад хамрагдах, бүртгүүлэх үүргийг Нохой, муурын бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журам батлагдсанаас хойш хэрэгжүүлэхээр байна.
Нохой, муур асран хамгаалагч, түр харагчид дараах үүрэг хүлээж буйг анхаарууштай:
- олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах;
- гэрийн тэжээвэр амьтан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;
- гэрийн тэжээвэр амьтныг хоол хүнсээр хангах, халдварт өвчин, гэмтэл бэртэл авахаас урьдчилан сэргийлэх;
- гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах;
- гэрийн тэжээвэр амьтныг цэвэр, аюулгүй орчинд байлгах;
- гэрийн тэжээвэр амьтныг орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гарахгүй байх, бусад амьтан орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
- гэрийн тэжээвэр амьтан өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандах, тусламж үйлчилгээ авах.
Мөн дээрхээс гадна нохой, муурын асран хамгаалагчийн үүргийг энэ хуулиар тусгайлан зохицуулсан. Тухайлбал:
- нохой, муурыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгалтад улирал тутам хамруулах;
- нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх;
- нохой, муурын хүзүүвч, эсхүл цээживчинд асран хамгаалагчтай холбоо барих мэдээлэл бүхий пайз байршуулах;
- олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, орон сууцны орчны газар, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, өтгөн
ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях; - нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх;
- нохой, муурыг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх;
- гэр хороолол, амины орон сууц, зуслангийн хашаанд нохойг уях тохиолдолд зориулалтын хүзүүвч, гурван метрээс багагүй урттай гүйлгээ уяа ашиглах;
- нохой, муурыг соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт болон соёлын өвийн дурсгалын газруудад дагуулж явахгүй байх.
Гэрийн тэжээвэр амьтан алдагдсан тохиолдолд асран хамгаалагч, түр харагч 48 цагийн дотор тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхээр зохицуулжээ.
Анхдагч бөгөөд шинэхэн хуультай иргэд, асран хамгаалагчид танилцаж, хуулиар хүлээж буй эрх, үүргээ ухамсарлан биелүүлэхийг уриалж байна.
Дашрамд дуулгахад манай “Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН-ийн ахлах ассошейт, хуульч, өмгөөлөгч, “Азтай Савар Амьтанд Хайртай Залуус” ТББ-ын гишүүн М.Ариунзул Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг боловсруулахад оролцсон бөгөөд түүний хууль зүйн салбарт оруулж буй томоохон хувь нэмэр болон тэмдэглэгдэж байна. Хуулийн талаарх түүний ярилцлагыг эндээс үзнэ үү.
Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.
Өөрсдийн талаар товч мэдээлэл хүргэвэл, “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН нь Монголын томоохон хуулийн фирмүүдийн нэг бөгөөд “Илүү сайн үйлчилгээ үзүүлэх” зорилготойгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш гадаадын болон дотоодын бизнесийн байгууллагуудад дэлхийн хэмжээний мэдлэгийг дотоодын ур чадвартай хослуулан хууль зүйн үйлчилгээ хүргэсээр байна. Бидний тухай дэлгэрэнгүй мэдээллийг манай вэбсайт, FB хуудсаар зочилж танилцаарай. Мөн бид Youtube сувагтай ба хуулийн сэдэвт подкастууд хүргэж байна.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:
