Site icon MDS&KhanLex LLP

Legal Newsletter #5

2024.02.28

LEGAL NEWSLETTER #5

Өдрийн мэнд,

 

“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн энэ оны #5 дугаарыг хүргэж байна.

 

Өнөөдрийн дугаараар:

 

  1. Банк зээлийн шимтгэлийг бодитоор тогтоогоогүй бол зээлийн гэрээнд заасан зээлийн шимтгэл төлөх зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж Улсын дээд шүүх шийдвэрлэсэн байна.
  2. МХБ-д бүртгэлтэй 39 хувьцаат компани нийт 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв. 
  3. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдлаа.

 


1. Банк зээлийн шимтгэлийг бодитоор тогтоогоогүй бол зээлийн гэрээнд заасан зээлийн шимтгэл төлөх зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж Улсын дээд шүүх шийдвэрлэжээ

 

Улсын дээд шүүх банк зээлийн шимтгэл тогтоохдоо зээлийн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос шалтгаалж тодорхой шалгуур үзүүлэлтийг баримталсан, бодит зардалд нийцсэн, Монголбанкнаас баталсан журмын дагуу энэ талаарх мэдээллийг хүргүүлсэн байх, холбогдох аргачлалыг нийтэд ил тодорхой байлгах үүргээ биелүүлээгүй бол зээлийн шимтгэл төлөх тухай зээлийн гэрээний зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж зээлдэгчийн төлсөн зээлийн шимтгэлийг банкнаас буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Монголбанкны ерөнхийлөгч, санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-106/298 дугаар хамтарсан тушаалаар банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалыг баталж, банк, ББСБ зэрэг эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн цахим хуудастаа зээлийн бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга, зээлийн бодит өртөг, шимтгэл, хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр гарган, байршуулж нийтэд ил тод мэдээлэх, зээлийн хүү, шимтгэл, хураамжийн нөхцөлдөө өөрчлөлт оруулсан тохиолдолд ажлын 1 өдөрт багтаан мэдээллээ шинэчлэх үүрэгтэй байхаар зохицуулжээ. 

Иймд банк, ББСБ, бусад эрх бүхий хуулийн этгээд нь зээлийн бүтээгдэхүүн бүрт бодит зардалд нийцсэн, тодорхой аргачлалын дагуу тооцоолсон зээлийн шимтгэлийг тодорхойлж, мэдээллийн ил тод байдлыг хангаснаар зээлийн шимтгэл шаардах эрхтэй болохыг анхаарна уу.

 


 

2. МХБ-д бүртгэлтэй 39 хувьцаат компани нийт 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэв

 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д компанийн төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал) нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй ба хуульд заасан тус хугацаа 2024.02.20-ны өдөр дуусгавар болж, тус өдрийн байдлаар нэр бүхий 39 хувьцаат компани нийт 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Мөн Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.14-т зааснаар хувьцаат компани нь ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор гаргаж, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэхээр заасан байна. Үүний дагуу тус нэр заасан 39 хувьцаат компани ногдол ашгийн тайлангаа 2024.03.13-ны дотор гаргаж, тогтоосон маягт, хугацааны дотор СЗХ, МХБ-д хүргүүлэхээр байгааг анхааралдаа авахыг зөвлөж байна. Тодруулбал хувьцаат компани нь СЗХ-ны Ногдол ашгийн хуваарилалтад хяналт тавих тухай журмаар баталсан А1-16 маягтын дагуу ногдол ашгийн тайлангаа гаргаж, 03.01-ний дотор СЗХ-нд, МХБ-ээс баталсан Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу ногдол ашгийн талаарх мэдээллээ хагас жил тутам буюу дараа сарын 20-ны дотор, жил тутам буюу дараа оны 04-р сарын 01-ний дотор МХБ-д тус тус хүргүүлэх үүрэгтэй байна.

 


 

3. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдлаа

 

2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдаж, энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ.

2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь (i) нийгмийн эрүүл мэндийн болон (ii) эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байхаар заасан ба Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг 2016 онд баталж, харин нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг батлаагүй байсан юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаа”-гаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бие даасан хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай тухай зөвлөмж гаргасны дагуу энэхүү хуулийн төсөл боловсруулах хууль зүйн хэрэгцээ, шаардлага тодорхойлогдож, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний “амьд явах”, “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах”, “эрүүл мэндээ хамгаалуулах” эрхийн баталгааг бүрдүүлэх нэг хүчин зүйл нь энэхүү Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсан явдал байна.

Тус хуулиар зохицуулж буй харилцааг товчлон танилцуулъя:

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэж юу вэ?

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна.

Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 8 төрөлд ангилан авч үзсэн байна:

  1. Халдварт болон халдварт бус өвчний хяналт;
  2. Орчны эрүүл мэнд;
  3. Хөдөлмөрийн эрүүл мэнд;
  4. Хүнсний аюулгүй байдал, шим судлал;
  5. Нийгэм, сэтгэц-зан үйл;
  6. Нөхөн үржихүйн эрүүл мэнд;
  7. Нийгмийн эрүүл мэндийн лаборатори;

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ямар хэлбэрээр үзүүлэх вэ?

Төрөөс нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг (1) тандах, судлах (2) эрүүл мэндийг дэмжих, хамгаалах (3) эрүүл мэндийн боловсрол олгох (4) урьдчилан сэргийлэх, үнэлэх, хянах, (5) олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангах чиглэлээр үзүүлэхээр хуульчилжээ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлэх боловч зарим тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлж болохоор хуульчилсан байна.

Иргэд ямар эрх, үүрэгтэй вэ?

Иргэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, албан тушаалтнаас үнэн зөв, бодит мэдээлэл авах, эрт илрүүлэгт хамрагдах, нийгмийн эрүүл мэндийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд хандах, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавихад оролцох болон хуульд заасан бусад эрх эдлэхээр зохицуулсан байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагын бодлого, хөтөлбөр, албан ёсны эх сурвалжаас авахыг зөвлөж байна.

Мөн дээр дурдсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаас гадна иргэн бүр (1) эрүүл мэндийн боловсрол эзэмших, (2) гэр бүл, хамт олны дунд эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоход нөлөөлөх, (3) тандалт, судалгаа, тархвар судлалын асуумжид шаардлагатай үнэн, зөв мэдээлэл өгөх, (4) нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, (5) хүн амын эрүүл мэндэд аюул бүхий өвчин, хордлого, орчны сөрөг нөлөөлөл, сэжигтэй тохиолдлын талаарх мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээж байна. Иргэн бид эрхээ эдлэхийн сацуу хуулиар хүлээсэн үүргээ мэдэх, үүргээ биелүүлэх нь ёс зүйт нийгмийг бүтээх чухал хүчин зүйл билээ. 

Аж ахуйн нэгж, байгууллага эрх, үүрэг хүлээх үү?

Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэх зохион байгуулалтын бүтцэд аж ахуйн нэгж, байгууллага хамаарахаар хуульчилсан байх ба нийгмийн эрүүл мэндийн нэгж, алба, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнийг ажиллуулж болохоор хуульчилсан байна. Тухайлбал, ААН, байгууллага нь дараах эрх, үүрэгтэй байхаар хуульчилжээ:

Хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал ач холбогдолтой.

Хэвлэл мэдээллийн байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар иргэд, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээлэл хүргэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.

Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сан үүсгэнэ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зорилго бүхий мэдээллийн сантай байхаар хуульчилсан ба халдварт болон халдварт бус өвчний хяналтын хүрээнд мэдээллийн сан бүрдүүлэхээр зохицуулжээ. Тус сангийн ажиллах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тогтоожээ.

Эцэст нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнууддаа гаргаж буй зөвлөмжид нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өнөөдөр зарцуулж буй 1 ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 5-40 ам.долларыг хэмнэнэ гэсний дагуу энэ хуулийн хэрэгжилтийн үр нөлөө нь эрүүл мэндийн салбарын хүнд суртал, үйлчилгээ авахад тулгардаг бэрхшээл, төсвийн хэрэгцээгүй зарцуулалтыг бууруулна гэдэгт найдаж байна.    

 


 

Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.

 


 

Та өөрт шаардлагатай байгаа нэг болон тухайлсан асуудлаарх багц баримт бичиг угсрахдаа iGereeг сонгоно уу. Та хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаас эхлүүлэн түгээмэл ашиглагддаг 30 орчим гэрээ, журам, 200 орчим төрлийн тушаал, ажлын байрны тодорхойлолтоос сонголтоо хийх боломжтой.

 

 

 

Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:

Энд дарж линкээр холбогдоно уу

Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:

 

Exit mobile version