2024.04.11
LEGAL NEWSLETTER
Өдрийн мэнд,
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн энэ оны #9 дугаарыг хүргэж байна.
Өнөөдрийн дугаараар:
- Шинэ зохицуулалтын булан: Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн баталжээ
- Мэдээний булан: “Бичил Эй Би Эс лояалти ТЗК” ХХК-ийн нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааны цан цохих ёслол боллоо
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал хэлэлцэж байна.
- Улсын дээд шүүхийн тогтоолын булан: Зөвхөн 50,000,000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий төлбөртэй гэх шалгуурыг баримтлан гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зөрчсөн хэмээн Улсын Дээд Шүүх шийдвэрлэжээ (2024-02-27)
1. Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн баталжээ
Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дугаар заалт, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 5.5 дугаар заалт дагуу Үндэсний статистикийн хорооноос Хүн амын амьжиргааны доод түвшинг 2024 оны 03-р сарын 01-ний өдөр дараах байдлаар шинэчлэн баталсан. Доорх хүснэгтээр амьжиргааны доод түвшин өнгөрсөн онд мөрдөж байснаас хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна:
Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоохдоо хэрэглээний доод хэмжээг үндэслэх бөгөөд хүн амын нас, хүйсийн ангиллаар, бүсийн ялгавартайгаар тодорхойлно. Жилд нэгээс доошгүй удаа шинэчлэн тодорхойлохоор хуульд заасан. Уг хэмжээ нь нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийг тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг болдог.
2. “Бичил Эй Би Эс лояалти ТЗК” ХХК-ийн нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааны цан цохих ёслол боллоо
2024 оны 04-р сарын 02-ны өдөр “Бичил Эй Би Эс лояалти ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо. Бичил 3.0 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны үндсэн андеррайтераар “Өлзий Энд Ко ҮЦК”, синдикатораар “Мандал Капитал ҮЦК” ажиллажээ. “Бичил глобус финанс ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Бичил Эй Би Эс лояалти ТЗК” ХХК нь 24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нийт 20.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас гаргасан бөгөөд анхдагч зах зээлийн арилжаа 60 минутын дотор 100% биелэн амжилттай хаагджээ. Энэхүү төсөл дээр “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН хууль зүйн дүгнэлт гаргасан болно.
3. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын их хурал хэлэлцэж байна
Хөрөнгийн зах зээлийн суурь хууль болох Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж байна. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц болохуйц өөрчлөлтүүд орж байна. Тухайлбал, нийтэд санал болгон үнэт цаас гаргахад зарцуулах цаг хугацаа, нөхцөл шаардлагыг хөнгөвчилж, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулсан, өөрөөр хэлбэл үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах ажиллагааг андеррайтер бие даан зохион байгуулах, хувьцааны хамтын санхүүжилт татах, хадгаламжийн сертификатыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх зохицуулалтыг нэмж оруулж байгаа. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөлтэй хамт Компанийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэгт нэмэлт, өөрчлөлтүүд орж байна. Компанийн тухай хуульд ногдол ашиг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулсан журмыг батлах эрх хэмжээг Санхүүгийн зохицуулах хороонд олгохтой холбоотой өөрчлөлт оруулж байна. Энэхүү журмын зохицуулалт бий болсноор хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хэрхэн авах, ямар хугацаанд авах зэрэг нь тодорхой болж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нь чухал ач холбогдолтой болохоос гадна аливаа тодорхойгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, хөрөнгө оруулагчдыг зах зээлд итгэх итгэл болон идэвхийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
4. Зөвхөн 50,000,000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий төлбөртэй гэх шалгуурыг баримтлан гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зөрчсөн хэмээн Улсын Дээд Шүүх шийдвэрлэжээ
УДШ-ийн 2024 оны 02-р сарын 27-ны өдрийн 001/ХТ2024/00042 дугаар тогтоолоор иргэн А-ийн нэхэмжлэлтэй ШШГЕГ-т холбогдох 2021.06.28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч А нь цагдан хоригдож байсан учир ажилгүй, орлогогүй байсан. Солонгос улсад ажиллаж төлбөрөө төлөх боломжтой байтал Үндсэн хуульд заасан гадаад улсад ажиллаж, амьдрах эрхийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасан “эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн”, 59.1.2-т заасан “хөрөнгөө нуун дарагдуулсан”, 59.1.3-т заасан “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэх үндэслэлүүд тогтоогдоогүй, зөвхөн 50,000,000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий төлбөртэй гэх шалгуурыг баримталсан нь хууль зөрчсөн” хэмээн маргажээ.
Хариуцагчийн зүгээс гадаадад оргон зайлж болзошгүй бөгөөд 67,699,999 төгрөгийн үүргээ биелүүлээгүй тул гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол хууль зөрчөөгүй гэж мэтгэлцсэн.
УДШ-ээс хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул залруулж, төлбөр төлөгч А-н гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй удсаныг төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж үзсэн нь хуульд нийцээгүй, зөвхөн тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахгүй байна гэдгээр гадаадад зорчих эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй[1] гэж Улсын Дээд Шүүх дүгнэсэн.
Иймд А-гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт ор
уулах нь зүйтэй гэж үзсэнээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүх хангаж шийдвэрлэжээ.
[1] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1.Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно:
59.1.1.эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн;
59.1.2.хөрөнгөө нуун дарагдуулсан;
59.1.3.төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй.
Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.
#Цогц #Шуурхай #Баталгаатай #Хялбар #Найдвартай #ХуульчРобот
Та өөрт шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгээ илүү хялбар, хурдан хугацаанд авах бол iGeree–г сонгоорой. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэг түгээмэл ашиглагддаг 30 орчим гэрээ, журам, 200 орчим төрлийн тушаал, ажлын байрны тодорхойлолтоос сонголтоо хийх боломжтой.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:
