LEGAL NEWSLETTER
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн энэ оны #11 дугаарыг хүргэж байна.
Өнөөдрийн дугаараар:
- Шинэ зохицуулалтын булан:
- Мэдээний булан: Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
- УДШ-ийн тогтоолын булан: Фэйсбүүк орчинд байгууллагын нэр хүндэд халдсандаа уучлалт гуйж, залруулга хийхийг хяналтын шатны шүүхээс даалгажээ
1. Баялгийн сангийн тухай хууль батлагдлаа
Улсын их хурал 2024 оны 04 сарын 19-ний өдөр “Үндэсний баялгийн сангийн тухай хууль” баталлаа. Нийт 5 бүлэг, 15 зүйлээс бүрдэх уг хуулиар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулжээ.
Хуульд зааснаар “Үндэсний баялгийн сан” буюу (цаашид “Баялгийн сан”) гэж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах төрөлжсөн сангаас бүрдэх тогтолцоог ойлгоно. Баялгийн сан нь дараах зорилго бүхий төрөлжсөн сангаас энэ хуульд зааснаас бусад зориулалтаар ашиглах, төрөлжсөн сан хооронд хөрөнгийн шилжилт хийхийг хориглосон. Төрөлжсөн санг гурав ангилсан.1. Ирээдүйн өв сан; 2. Хуримтлалын сан; 3.Хөгжлийн сан.
Баялгийн сангийн хөрөнгийн зориулалтын тухайд дараах байдлаар зохицуулжээ.
- Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах,хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;
- Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх;
- Хөгжлийн сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Уг хуульд баялгийн төрөлжсөн сан бүрийг ямар эх үүсвэрээс, ямар нөхцөлд, ямар хэмжээгээр бүрдүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд, Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь төрийн сангийн дансанд тус тус байршуулна. Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцох, эсхүл бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулна. Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэх юм байна.
Түүнчлэн уг хуулиар Баялгийн сангийн эх үүсвэр, хөрөнгийн тогтвортой байдал, тайлагнал, ил тод байдал мөн баялгийн сангийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх зэргийг зохицуулжээ.
2. Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барьсан байна. Тус хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ.
Хуулийн төсөлд Шинэ Зуунмод хотыг олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын дагуул хот статустай байхаар тусгасан. Шинэ Зуунмод хот нь амралт, аялал жуулчлал, олон нийтийн худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр ложистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны аж ахуйн нөөц зэрэг 9 бүстэй байхаар, цаашид бүсчлэлийн хуваарийг зөвхөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлохоор төлөвлөж байгаа аж. Ногоон хөгжлийг дэмжсэн ирээдүйн хотыг олон улсын концепцийн дагуу нэгдсэн төлөвлөлт, тогтолцоотойгоор байгуулахаар тусгажээ. Тодруулбал, иргэд оршин суугаа газраасаа 20 минутад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газарт очих “20 минутын хот” стандарт гэх концепциор төлөвлөх аж. Хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ба төсөл болон сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газар батлахаар төсөлд тусгасан байна.
3. Фэйсбүүк орчинд байгууллагын нэр хүндэд халдсандаа уучлалт гуйж, залруулга хийхийг
хяналтын шатны шүүхээс даалгажээ
“С” ХХК нь иргэн “Э”-д холбогдуулан байгууллагын нэр хүндийг гутааж, хууль бусаар худал ташаа мэдээлэл тараасан тул уучлал гуйхыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Тодруулбал, иргэн Э нь “С” ХХК-иар нийт 12,824,000 төгрөгийн өртөг бүхий тавилга захиалгаар хийлгэхээр харилцан тохиролцжээ. Захиалгын дагуу тавилгыг хүлээлгэн өгөхөд тавилга таалагдахгүй, мөн тээвэрлэлтээс үүдэлтэй алдаатай байсанд бүх тавилгыг буцаах шаардлага тавьжээ. “С” ХХК-ийн зүгээс захиалагчийнхаа хүсэл зоригийг харгалзан үзэж буцаалт хийе, харин эдгээр тавилгуудыг хийсэн ажилтнуудын хөлсийг захиалагчийн төлбөрөөс суутгана гэсэн шаардлага тавихад иргэн Э хүлээн аваагүйгээс маргаан үүссэн. “С” ХХК Э-д холбогдуулан зохих ёсоор уучлалт гуйж, албан бичиг хүргүүлсэн боловч Э нь өөрийн фэйсбүүк хуудсаараа С ХХК-ийн нэрийг дурдалгүйгээр компанийн тухай сөрөг сэтгэгдэл бүхий постыг хэд хэдэн удаа нийтэлжээ.
Нэхэмжлэгч “C” ХХК-ийн зүгээс хэдийгээр манай компанийн нэрийг шууд дурдаагүй ч хариуцагчийн пост дахь коммент хэсэгт … хаягнаас “ene tavilga hiilgesen gazar Сbilv ter gazar uu” гэсэн байгаа нь манай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан болохыг нотолж байна гэжээ.
Харин хариуцагчаас өөрийн ашигладаг фэйсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгч ”С” ХХК-д хандаж мэдээлэл тавьсан. Гэхдээ ”С” ХХК гэж нэрийг нь огт бичээгүй. Сөрөг сэтгэгдэлд хариу өгөөгүй. Харин ”С” ХХК-ийг хурдан хугацаанд тавилгаа засаж янзлаад өгөх байх гэсэн зорилготойгоор өөрийн фэйсбүүк цахим хуудсаар мэдээлэл тавьсан, миний буруу байхгүй, чанаргүй
тавилга хийж өгсөн, одоо учраа олсон… Уучлалт гуйх үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргаж, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин Улсын дээд шүүхээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Facebook /фэйсбүүк/ нь хувь хүмүүс өөрийгөө олон нийтэд танилцуулах, санал сэтгэгдлээ хуваалцах, эсвэл албан байгууллагууд бизнесээ танилцуулах, сурталчлах, мөн түүнчлэн тодорхой сонирхлын бүлгүүд хувийн болоод хамтын сонирхлоо бусадтайгаа хуваалцах, хэлэлцэхэд ашигладаг дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ юм.“Фэйсбүүк хуудас” нь тухайн хаяг эзэмшигч хүний хувийн зүйл мэт боловч энд оруулсан аливаа мэдээлэл нь олон нийтэд ил болдог.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С “…тухайн захиалагчид алдаа гаргасан өдрөөс эхлээд албан тоотоор, чатаар гэх мэт бүх зүйлээр уучлалт гуйж, алдаагаа засахаа илэрхийлсэн нь захиалагчид шаардлага хангахгүй доголдолтой бүтээгдэхүүн хийж өгсөн буруугаа хүлээн зөвшөөрч, доголдлыг арилгах, засах талаар зохих үйлдэл хийж байсан гэж дүгнэх боломжтой байна гэж дүгнэсэнХяналтын шатны шүүх иргэн Э ийн өөрийн фэйсбүүк хуудаст хэд хэдэн удаа пост оруулсныг бодит байдалд нийцээгүй мэдээлэл буюу нэхэмжлэгч компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т нийцнэ гэж үзэж, Э-ийн С ХХК-д учруулсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар хариуцагчийг өөрийн “Э” гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан ”С” ХХК-аас уучлалт гуйх, тавьсан пост бүртээ залруулга хийхийг хариуцагч Э-д даалгаж шийдвэрлэсэн байна.
Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.
#Цогц #Шуурхай #Баталгаатай #Хялбар #Найдвартай #ХуульчРобот
Та өөрт шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгээ илүү хялбар, хурдан хугацаанд авах бол iGeree–г сонгоорой. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэг түгээмэл ашиглагддаг 30 орчим гэрээ, журам, 200 орчим төрлийн тушаал, ажлын байрны тодорхойлолтоос сонголтоо хийх боломжтой.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:

