2025 оны 03-р сарын 28-ны өдөр, Улаанбаатар хот.
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ТАЛААР
| “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН (цаашид “МДСХ”) нь банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулахад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажилладаг бөгөөд энэ төрлийн үйлчилгээг сонирхогч иргэн, хуулийн этгээдэд зориулан энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Монгол Улсад байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах Банк бус санхүүгийн байгууллага (цаашид “ББСБ” гэх) нь Компанийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай, Зөвшөөрлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “СЗХ”, эсхүл “Хороо” гэх)-ноос баталсан дүрэм, журмууд болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөнө. |
|
| ББСБ байгуулах үйл ажиллагаа 3 үе шатаар хийгдэнэ: (i) Компанийн тухай хуульд заасны дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани (цаашид “ХХК”, эсхүл “Компани” гэх) байгуулах (ii) СЗХ-оос Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах; (iii) Дээрх (ii)-т заасан тусгай зөвшөөрөл авсныг болон компанийн нэр өөрчлөгдсөнийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар (цаашид “ХЭУБГ” гэх)-т бүртгүүлэх. | |
| ҮЕ ШАТ 1
КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БАЙГУУЛАХ |
|
| Компани үүсгэн байгуулах баримт бичиг боловсруулах, Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бүх үйл ажиллагаа багтана. | |
| ҮЕ ШАТ 2
СЗХ-ООС БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ Компани нь СЗХ-оос Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахын тулд холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм, журмуудыг боловсруулан баталж, хууль тогтоомжид заасан шаардлагуудыг бүрэн хангасан байх ёстой. СЗХ нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хавсаргах материалын хамт бүрэн (бүрдэл хянах ажлын 2 өдөр + 30 хоног) гүйцэт гаргаж өгснөөс хойш ажлын 15 өдөр (10 өдөр нөхцөл шаардлага шалгах + 5 өдөр зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах хугацаа) дотор зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. СЗХ нь төрийн болон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг нэг удаа ажлын 5 өдрөөр сунгах эрхтэй. |
|
| ҮЙЛЧИЛГЭЭ | МДСХ-ийн хувьд ББСБ байгуулахад шаардлагатай бүхий л хууль зүйн үйлчилгээг үзүүлэх бөгөөд энэ хэсэгт ББСБ байгуулахад гол хамаарал бүхий үйл ажиллагаа, үйлчилгээг дурдсан болно. |
| Бизнес төлөвлөгөө боловсруулах
|
Үйлчлүүлэгчээс ирүүлсэн санхүүгийн тооцоолол бүхий бизнесийн төлөвлөгөөг хууль зүйн талаас нь хянаж санал, зөвлөгөө өгнө. |
| Компанийн дүрэм | ББСБ-ын дүрэмд Компанийн тухай хуульд заасан нийтлэг зохицуулалтаас гадна Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан нэмэлтээр тусгах зүйлс буюу дүрмийн сангийн хэмжээ, банк бус санхүүгийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа явуулах журам, дотоод хяналтын албаны ажиллах журам зэрэг зохицуулалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. |
| Эрх бүхий албан тушаалтан, мэргэжлийн ажилтнууд, техник төхөөрөмж, ажлын байрны талаарх мэдээллийг бэлтгэх
|
ББСБ-д ажиллах боловсон хүчин нь хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх эрх бүхий албан тушаалтнууд нь тохиромжтой этгээд мөн эсэх, банк бус санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ажлын байр нь шаардлагатай техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааг зохих түвшинд хангасан эсэхтэй холбоотой баримт бичгүүд болон хуульд заасан бусад шаардлага, шалгуурын талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
|
| ББСБ-ын холбогдох журмуудыг боловсруулан батлах | ББСБ-ийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч МДСХ нь холбогдох журмууд тухайлбал, ББСБ-ын санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөх журам (эрхлэх үйл ажиллагаанаас хамаарах), Зээлийн үйл ажиллагааны журам, Мөнгө угаах, терроримзийг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр, журам, Дотоод хяналтын хөтөлбөр зэргийг боловсруулах, тэдгээрийг батлах тогтоол, тушаалыг бэлтгэн ажиллана.
Мөн ББСБ нь цахим систем ашиглаж банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд ISO/IEC 27001 стандартыг хангасан байх шаардлагатай байдаг. |
| Үүсгэн байгуулагчийн батлах шийдвэр, тогтоолууд | Үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тогтоолууд боловсруулах, Компанийн гэрээ, дүрмийг шинэчлэн боловсруулах, Компанийн эрх бүхий этгээд, албан тушаалтнуудыг томилох тушаал, шийдвэрийг боловсруулах үйлчилгээ үзүүлнэ. |
| Мөн мэргэжлийн үйл ажиллагааг зөвшөөрөл бүртгэлтэйгээр эрхлэх тохиромжтой этгээдийн шалгуур хангасан эсэхийг тодорхойлох баримт бичгийг бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгнө.
ББСБ-ын Хувьцаа эзэмшигч Монгол Улсын болон Гадаад улсын харьяалалтай хуулийн этгээд, иргэнд дараах нийтлэг шалгуур тавигдана. Үүнд: Хуулийн этгээд
Хувь хүн
Хороо нь Гадаад улсын харьяалалтай хуулийн этгээд, иргэн болон тухайн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээс дараах баримт бичгийг нэмж ирүүлэхийг шаардаж болно. Үүнд: · Харьяалах улсад зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй болохыг нотлох баримт бичиг; · Харьяалах улсад гааль, татварын өр, төлбөргүй болохыг нотлох баримт бичиг; · Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй болохыг нотлох баримт бичиг. Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-д Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан шаардлагыг тавих бөгөөд шаардлагатай гэж үзвэл Хорооноос нэмэлт шаардлага тавьж болно. |
|
| ББСБ-ын дүрмийн сан бүрдүүлэх | Дүрмийн сангийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн талаарх шаардлага хангасан нотлох баримт бүрдүүлэх, тэдгээртэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Гадаад валютын үйл ажиллагаа дагнан эрхлэхээс бусад банк бус санхүүгийн үйл ажиллагааны хувьд Хорооны 2024.11.25-ны өдрийн 555 дугаар тогтоол болон 2025.02.25-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод- 5,000,000,000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Зуунмод сумдад 1,200,000,000 төгрөг, бусад аймаг, сумдад 400,000,000 төгрөг байна. *ХНХ-ийн эх үүсвэр: хувьцаа эзэмшигч иргэн бол иргэний хууль ёсны (татвар төлсөн) орлого, хуулийн этгээдийн бол санхүүгийн жилийн үйл ажиллагааны цэвэр ашиг болон хуримтлагдсан ашгаас бүрдсэн байна. |
| Хороонд өгөх бичиг баримтын жагсаалт | Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт гаргах, Бичиг баримтын бүрдлийг шалгах, хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эрх бүхий этгээд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд тухайн зөвшөөрөл хүсэгчээс зургаан сарын дотор уг чиглэлээр хүссэн өргөдлийг хүлээж авахгүй зохицуулалтай[1]. Иймд, Баримт бичгийн бүрдлийг зохих ёсооор, бүрэн, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байдлаар бүрдүүлэх нь чухал. |
| Нэмэлт мэдээлэл, баримт бичиг бүрдүүлэх | СЗХ хянах явцдаа нэмэлт материал болон мэдээллийг шаардах эрхтэй. Энэ тохиолдолд нэмэлтээр гаргах мэдээлэл, бүрдүүлэх баримт бичгийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. |
| ҮЕ ШАТ III.
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗАРТ БҮРТГҮҮЛЭХ. |
|
| Компани банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, мөн нэр өөрчлөгдсөнтэй холбоотой ХЭУБГ-т бүртгүүлэх ёстой бөгөөд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх болон тийнхүү бүртгүүлэхэд шаардлагатай хууль зүйн үйлчилгээ үзүүлнэ. | |
Энэхүү мэдээлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүйг тус хуулийн фирмийн Партнер С.Батбуянгаас авна уу. Утас: +(976) 89099608, +(976) 11 330048; Email: batbuyan@mdsa.mn
САНАМЖ:
“Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг, эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамраагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.
~oOo~
[1] ЗтХ-ийн 5.2 дугаар зүйлийн 11. Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд тухайн зөвшөөрөл хүсэгчээс зургаан сарын дотор уг чиглэлээр хүссэн өргөдлийг хүлээж авахгүй.

