LEGAL NEWSLETTER
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн энэ оны #14 дугаарыг хүргэж байна.
Өнөөдрийн дугаараар:
- Шинэ зохицуулалтын булан: “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” хүчин төгөлдөр боллоо
- Мэдээний булан: ХЭҮК иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг тооцож 33 удаа нэхэмжлэл гаргажээ
- УДШ-ийн булан: Банкны зээлийн өр үүсгэн худалдан авсан дундын өмчийн орон сууцыг гэрлэлт цуцлах үед хуваарилах асуудлаар
1. “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”
УИХ-аас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдсан бөгөөд “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хэвлэгдэж, үүний хүрээнд хуульд дараах чухал өөрчлөлтүүд оржээ. Тухайлбал;
- Форвард гэрээ, своп гэрээ, хаалттай хүрээнд худалдах, хувьцааны хамтын санхүүжилт, номиналь данс, олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл зэрэг нэр томьёоны тодорхойлолтыг оруулсан.
- Үнэт цаасны зах зээлд банкнаас гаргасан хадгаламжийн сертификат, олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгслийг үнэт цаас буюу санхүүгийн хэрэгсэл байхаар шинээр зохицуулсан. Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл гэдэгт Монгол улсын нэгдэн орсон олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол улсын үнэт цаасны зах зээлд гаргах өрийн хэрэгслийг ойлгоно гэж тодорхойлоод тэдгээрийг биржийн болон биржийн бус зах зээл дээр гаргаж болно. Мөн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий банк хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжихаар зохицуулсан.
- Гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол улсын нийтэд санал болгон үнэт цаасаа гаргах, банкнаас үнэт цаасны зах зээлд хадгаламжийн сертификат гаргах, олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл гаргахад үнэт цаасны танилцуулга бэлдэхгүй байхаар зохицуулсан.
- Хувьцааны санхүүжилтийн үйл ажиллагаа гэх ойлголтыг тодорхойлж, энэ нь зохицуулалттай үйл ажиллагаа байх болохыг зааж, уг үйл ажиллагаа эрхлэх этгээд нь тусгай программ хангамжаар дамжуулан гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон хөрөнгө оруулагчийн хооронд санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг үр ашигтайгаар зохион байгуулах юм. Уг үйл ажиллагаа эрхлэгчийн үндсэн орлого нь гарааны компани, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон хөрөнгө оруулагчид тусгай программ хангамж ашиглуулснаас авах шимтгэлээс бүрдэнэ.
- Салбар, төлөөлөгчийн газар байгуулахыг хүссэн зохицуулалттай этгээд ямар нөхцөл, шаардлага хангасан байх талаар нэмж зохицуулсан.
- Хороо Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл авах тухай хүсэлт, баримт бичгийг Зохицуулалттай этгээдээс хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор хянаж, шийдвэрлэнэ.
- Зохицуулалттай этгээд тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдүүлбэрт гүйцэтгэх удирдлага нь мэргэжлийн эрхтэй, мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх, үйл ажиллагаанд үүсч болзошгүй эрсдэл, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, удирдах дотоод хяналтын журамтай үүнийг хэрэгжүүлэх хараат бус дотоод хяналтын ажилтантай байх зэрэг нэмэлт шаардлагыг тусгажээ.
Уншигч та бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж танилцана уу: https://legalinfo.mn/mn/detail/9243 -“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”
2. ХЭҮК иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг тооцож 33 удаа нэхэмжлэл гаргажээ
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар комиссын гишүүн иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд Комисс байгуулагдсан цагаасаа хойш нийт 43 удаагийн төлөөлөн нэхэмжлэл гаргажээ. Үүний 33 нэхэмжлэл нь иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг тооцож нэхэмжилсэн.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан байдаг.
Дээрх 33 нэхэмжлэлийн хүрээнд нийт 3,304,192,914 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс 19 нэхэмжлэлд нь сэтгэл санааны хохиролд 247,245,600 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
3. Банкны зээлийн өр үүсгэн худалдан авсан дундын өмчийн орон сууцыг гэрлэлт
цуцлах үед хуваарилах асуудлаар
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хамтран амьдрах хугацаандаа 58.95 м.кв 2 өрөө орон сууцыг 79,582,500 төгрөгөөр худалдан авсан байна. Ийнхүү худалдан авахдаа урьдчилгаа 13,000,000 төгрөгийг хариуцагч төлж, үлдэх төлбөрийг Хаан банктай 2016 оны 03 сарын 29-ны өдөр байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хамтран байгуулж, зээлийн төлөлтийг хийдэг байжээ.
Гэвч гэрлэгчид 2019 оноос хойш тусдаа амьдарч, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон ба банкны зээлийг төлөх боломжгүйгээс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууцыг хариуцагч төрсөн эгчдээ 50,000,000 төгрөгөөр худалдаж, уг мөнгөөрөө хариуцагч банкны үлдэгдэл зээл болох 57,355,534 төгрөгийг (2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар) төлж дуусгасан үйл баримт тогтоогджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Харин гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах шаардлагын тухайд хоёр шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийснийг Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, анхан шатны шүүхээс уг орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн бөгөөд хариуцагч өөрийн төрсөн эгчдээ уг орон сууцыг худалдсан хэлцэл нь Иргэний хуулийн 128.2, 128.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх тул орон сууцыг нэхэмжлэгч болон хүүгийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн ногдох хэсэг болох 26,509,500 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгч уг орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардсанбайхад орон сууцыг нэхэмжлэгчид үлдээхээр шийдвэрлэсэн, хариуцагч орон сууцыг худалдсан мөнгийг өөртөө зарцуулаагүй, зээлийн гэрээний үүрэг шилжүүлсэн байх тул орон сууцны үнэ 79,582,500 төгрөгөөс 57,355,534 төгрөгийг хасаж, үлдэх 22,226,966 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзээд, үүнээс нэг гэр бүлийн гишүүнд ногдох хэмжээг тогтоон хариуцагчаас нэхэмжлэгч болон түүний хүүд гаргуулахаар шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх орон сууцыг худалдан авахаар банкнаас зээлсэн зээлийн өрийг гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн хүүхдэд хуваарилсан алдаа гаргасан гэж Хяналтын шатны шүүхээс үзэж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Тухайбал, маргааны зүйл болж буй орон сууцыг нэгэнт гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн байх тул орон сууцыг анх худалдан авсан үнэ 79,585,500 төгрөгийн хэмжээнд гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг тооцох нь зүйтэй. Энэ хэмжээг гэр бүлийн гурван гишүүнд хуваахад нэг хүнд 26,527,500 төгрөг ногдоно. 2022.12.08-ны өдрийн байдлаар орон сууцыг бусдад худалдах үед ипотекийн зээлийн үлдэгдэл 57,355,000 байсныг гэр бүлийн насанд хүрсэн 2 гишүүн буюу нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваахад талууд дундын хөрөнгө болон орон сууцны зээлийн тухайд харилцан өглөг, авлагагүй гэж үзэж, харин насанд хүрээгүй гишүүн болох хүүд ногдох 26,527,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.
Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.
#Цогц #Шуурхай #Баталгаатай #Хялбар #Найдвартай #ХуульчРобот
Та өөрт шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгээ илүү хялбар, хурдан хугацаанд авах бол iGeree–г сонгоорой. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэг түгээмэл ашиглагддаг 30 орчим гэрээ, журам, 200 орчим төрлийн тушаал, ажлын байрны тодорхойлолтоос сонголтоо хийх боломжтой.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:
