Legal Newsletter #2
2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

LEGAL NEWSLETTER
Сайн байна уу?
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн 2024 оны #2 дугаарыг уншигч танд хүргэж байна.
Энэ удаагийн дугаарт:
- “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая” уриалгад нэгдэж байна.
- Компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуулийн хугацаанд зарлахыг зөвлөж байна.
- Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдлаа.
Pay attention, please!
1. Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-аас гаргасан “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая” уриалгад нэгдэж байна
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргал “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая” уриалгыг Монголын хөрөнгийн зах зээлийн оролцогчид дунд гаргаад байгаа билээ. Тус уриалгад 25 байгууллага, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн 76 байгууллагын гишүүнчлэлтэй Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс дэмжихээ илэрхийлэн нэгдээд байна. Уриалгын ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг дурдахын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн дараагийн шатанд гарах олон улсын стандарт болон Улаанбаатар Үнэт цаасны Биржээс хэрэгжүүлж буй бодлого, тэднээс эрхлэн гаргасан “Компанийн үйл хэрэг” гарын авлагын талаар ярилцсан ярилцлагыг та энд дарж үзнэ үү.
2. Компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуулийн хугацаанд зарлахыг зөвлөж байна
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулахаар заасан. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн санхүүгийн жил 12 дугаар сарын 31-нээр дуусах тул компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2024 оны 04-р сарын 30-ны дотор хуралдуулах үүрэгтэй. Үүний тулд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ТУЗ, байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр зарлан хуралдуулах ба тус шийдвэрийг хурал хуралдахаас 40-өөс доошгүй өдрийн өмнө гаргаж, хувьцаа эзэмшигчдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх шаардлагатай. Иймд компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 04-р сарын 30-нд хуралдуулна гэж үзвэл хурал хуралдуулах тухай ТУЗ-ийн эсхүл гүйцэтгэх удирдлагын шийдвэрээ 03-р сарын 20 ба түүнээс өмнө гаргахаар байна.
Хэрэв та саналын эрх бүхий энгийн хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч бол бүрэн эрхдээ хамаарах асуудал болон ТУЗ, тооллогын комиссын гишүүнд нэр дэвшүүлэх хүний талаарх саналаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар өмнөх санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор буюу 02 дугаар сарын 29-ний дотор ТУЗ эсхүл гүйцэтгэх удирдлагад гаргах боломжтой шүү.
3. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдлаа
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даган мөрдөж байна. Энэ хуулиар Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн 2 гол асуудлыг зохицуулсан. Эдгээр зохицуулалтаас товчлон хүргэвэл:
УБ хотын замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулах, иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах үүднээс (1) нийтийн тээвэр (2) такси үйлчилгээ (3) авто зогсоол (4) УБ хот дахь тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан байна.
Нийслэл хот олон төрөлт, багтаамж ихтэй нийтийн тээвэр, түүнийг дэмжсэн дэд бүтэцтэй байхаар зохицуулжээ.
Нийтийн тээврийг хөгжүүлэх хүрээнд тогтвортой зорчилт хөдөлгөөний болон нийтийн тээврийг хөгжүүлэх урт, дунд хугацааны төлөвлөлттэй байхаар тусгаж, нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулан хэрэгжүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байхаар зохицуулжээ. Нийтийн тээвэр гэж Автотээврийн тухай хуулийн 3.1.11-д зааснаар эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, такси үйлчилгээг ойлгох ба энэхүү хуулиар дүүжин тээврийг мөн нийтийн тээвэр гэж тодорхойлсон нь нийтийн тээврээ олон төрөлт болгож буй нэг хэлбэр байх боломжтой.
УБ хотод такси үйлчилгээ эрхлэхэд Нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авах шаардлагатай боллоо.
Энэ хууль батлагдсантай холбоотой Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх бол Аймаг, нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авахаар хуульчилж, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ. Мөн хуулиар такси үйлчилгээ эрхлэгч нь Автотээврийн тухай хуулийн 15.9 болон 15.10-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан байхаар зохицуулжээ. Тухайлбал, такси үйлчилгээ эрхлэгч нь хуулийн этгээд байх ба дараах шаардлагыг хангахаар байна:
- Жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх
- Нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байх;
- Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;
- Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;
- Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх;
- Монгол улсын стандартад заасан шаардлага хангасан байх;
- Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байх;
- Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй байх;
- Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.
Авто зогсоолын төрөл, тэдгээрт тавигдах шаардлагыг хотын стандартаар тогтооно.
Өмчийн хэлбэрээс үл хамааран нийтийн хэрэгцээний зориулалттай авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байх шаардлагатай ба авто зогмоолын үйл ажиллагаа эрхлэх журмыг нийслэлийн Засаг дарга батлахаар хуульчилжээ. Харин авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмыг нийслэлийн ИТХ батлахаар заажээ.
УБ хот дахь тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно.
Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно.
Мөн УБ хотын замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах арга хэмжээг нийслэлийн Засаг дарга баталж, хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.
Гэр хорооллыг орон сууцжуулах, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах хүрээнд (1) газар чөлөөлөх, газрын нөхөн олговор үнэлэх (2) гэр хорооллыг орон сууцжуулах байршил, санхүүжилттэй холбоотой харилцааг зохицуулжээ.
Газар чөлөөлөх, газрын нөхөх олговрын үнэлгээг тогтоох, гэр хорооллыг орон сууцжуулах, төрөөс дэмжлэг, санхүүжилт үзүүлэх харилцааг зохицууллаа.
Энэхүү хуулиар улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөөр зохицуулсан. Нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэдэгт 18 төрлийн үйлчилгээг хамруулсан байх ба боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнээс эхлээд нийтийн хэрэгцээний авто зогсоол, дүүжин тээврийг зайлшгүй хэрэгцээнд хамруулсан байна.
Засгийн газрын шийдвэрээр газар чөлөөлсөн тохиолдолд нөхөх олговрыг газрыг (1) газраар эсхүл (2) үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр дүйцүүлэн олгох эсхүл (3) нөхөх олговрын мөнгөн хэлбэрээр худалдан авах эсхүл (4) боломжит бусад хэлбэрээр нөхөх олговор олгохоор заасан байна.
Газрын нөхөх олговрын үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.4-т заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний аргачлалын дагуу үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хийхээр хуульчилжээ.
Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх, гэр хорооллыг орон сууцжуулах байршил, мөн нийтийн тээврийн эрэлт хэрэгцээ зэргийг тодорхойлохоор зохицуулжээ.
Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр УБ хотын түгжрэл, дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах чухал асуудлыг тодорхойлох тул үүнд бид анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Хот байгуулалтын тухай хуулийн 5.1.5-д зааснаар нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ батлахаар заасан ба үүнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу иргэд санал өгөх, хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй байна. Иймд иргэд бид өөрсдийн хэрэгцээ, шаардлагыг ойлгуулахын тулд оролцоотой байхыг уриалж байна.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:

