Legal Newsletter #4
2024.02.15
LEGAL NEWSLETTER
Өдрийн мэнд,
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн энэ оны #4 дугаарыг хүргэж байна.
Өнөөдрийн дугаараар:
- Салбаруудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тогтоосон хамтын хэлэлцээр
- Иргэний нисэхийн тухай хууль
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн талаар танилцуулна.
1. Салбаруудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тогтоосон хамтын хэлэлцээр
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.3-т зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно гэж заасан байдаг.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023.10.13-ны 12 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосныг анхаарууштай.
Үүнтэй холбоотойгоор салбаруудын байгуулсан хамтын хэлэлцээрүүдтэй танилцацгаая.
2. ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон боловч 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шинэчлэн тогтоожээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан ба иргэний агаарын тээврийн хяналт, зохицуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааг зохицуулж байна. Өрсөлдөх чадвартай агаарын тээврийг хөгжүүлэх, зорчигчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн эдийн засгийн шинэ зохицуулалтууд тусгаснаараа онцлог. Шинэчилсэн хуулийн ач холбогдолтой өөрчлөлтийн талаар танилцуулбал:
Нислэгийн үйл ажиллагааны төрлийг нарийвчлан тодорхойлжээ.
Өмнөх хуульд агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгийн үйл ажиллагааг голлон зохицуулж байсан бол шинэчилсэн найруулгаар нислэгийн үйл ажиллагааг (i) арилжааны агаарын тээвэр, (ii) агаараас гүйцэтгэх ажил, (iii) ерөнхий зориулалтын нислэг гэсэн төрөлтэй байхаар тодорхойлжээ. Тодруулбал:
- Арилжааны агаарын тээвэрт: Зорчигч, ачаа, шууданг төлбөртэй тээвэрлэх, эсхүл эдийн засгийн үр ашиг хүртэх зорилгоор гүйцэтгэх нислэг хамаарна.
- Агаараас гүйцэтгэх ажилд: Агаарын хөлгөөр хөдөө аж ахуйн ажил гүйцэтгэх, зураг авах, судалгаа, ажиглалт, эргүүл хийх, эрэн хайх, авран туслах, зар сурталчилгаа хийх болон нислэгээр гүйцэтгэх бусад ажил, үйлчилгээ хамаарна.
- Ерөнхий зориулалтын нислэгт: Арилжааны агаарын тээвэр болон агаараас гүйцэтгэх ажлаас бусад төрлийн нислэг хамаарах буюу хувийн болон чөлөөт, хөнгөн, хэт хөнгөн, хүнгүй агаарын хөлгөөр гүйцэтгэх, сонирхогчийн нислэг зэрэг багтана. Энэ тохиолдолд нислэгийн аюулгүй байдлыг агаарын хөлгийн өмчлөгч, эзэмшигч хариуцахаар заажээ.
Ийнхүү тусгай ажил гүйцэтгэх, чөлөөт нислэг үйлдэх этгээд нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.10-т зааснаар Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас иргэний агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр нислэг үйлдэх шаардлагатай болж байна.
Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагатай байхаар зохицуулжээ.
Монгол Улсын агаарын зайд агаарын навигацийн үйлчилгээг Иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжүүлсэн төрийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэхээр хуульчилжээ.
Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг хуулиар нэмж зохицуулжээ.
Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг шинээр зохицуулсан ба үүнд (i) аюулгүйн үзлэг, шалгалт болон (ii) нисэх буудал, агаарын навигацийн байгууламжийн харуул хамгаалалтын үйлчилгээг хамруулжээ. Олон улсын нисэх буудал дахь нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэх, бусад нөхцөлд гэрчилгээжсэн хуулийн этгээд гүйцэтгэхээр хуульчилсан байна.
Өмнөх хуулиарагаарын тээвэрлэгч нь агаарын хөлгийн баг, зорчигчийн бие болон тээшинд үзлэг хийх зохицуулалттай байсан бол хуулийн шинэчилсэн найруулгаар дээр дурдсан гэрчилгээжсэн хуулийн этгээдагаарын хөлгийн баг, зорчигч төдийгүй нисэх буудал, аэродромын аюулгүйн бүсэд нэвтрэн орох бусад этгээд, тээш, ачаа,шуудан, нислэгийн хоол хүнс, хангамжийн эд зүйл, тээврийн хэрэгсэл зэрэгтаюулгүйн үзлэг, шалгалт гүйцэтгэхээр зохицуулжээ.
3. МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Улсын Их Хурал дараа жилийн улсын төсвийн төслийг жил бүрийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэн 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хэлэлцэн батлах үүрэгтэй байдаг. Үүний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ. Энэ хуульд тусгагдсан онцлог зохицуулалтуудыг танилцуулбал:
Төсвийн орлого:
- Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн орлогыг 2023 оныхоос 5,6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн баталснаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,9 их наяд төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,4 их наяд төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,5 их наяд төгрөг байна. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцжээ.
Нийгмийн даатгалын санд олгох татаас:
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцын Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 140.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв.
Хэрэгжүүлэх төслүүд:
- Монгол Улсын хэмжээнд 2024 онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 1050 төслийг хэрэгжүүлэх бөгөөд 552 нь он дамжин шилжиж хэрэгжих төсөл (5 их наяд төгрөг) бол 498 төсөл (1.6 их наяд төгрөг) нь шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр байна.
Өрийн баталгаа:
- Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2024 оны төсвийн жилд 3,5 их наяд төгрөг байхаар тогтоожээ.
Нийгмийн суурь үйлчилгээ:
- Нийгмийн суурь үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад 696,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд 171 сургууль, 156 цэцэрлэг, 45 дотуур байр, 61 спорт заал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн 6 төвийн төсөлд хөрөнгө оруулахаар баталжээ. Үүндбарилгын өргөтгөл хийх, хуучин барилгыг нурааж дахин барилгажуулах, шинээр бүтээн байгуулах зэрэг барилга байгууламж барих, тохижилт, засвар хийх, тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагаа хамаарахаар байна.
Шинэ Хархорум хот:
- “Шинэ Хархорум” хотын усны эх үүсвэрийн судалгаа, байр зүйн зураглал, инженер, геологийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад 30 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.
Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.
Та өөрт шаардлагатай байгаа нэг болон тухайлсан асуудлаарх багц баримт бичиг угсрахдаа iGeree–г сонгоно уу. Та хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаас эхлүүлэн түгээмэл ашиглагддаг 30 орчим гэрээ, журам, 200 орчим төрлийн тушаал, ажлын байрны тодорхойлолтоос сонголтоо хийх боломжтой.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:




