Legal Newsletter #6
2024.03.06
LEGAL NEWSLETTER
Өглөөний мэнд,
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн энэ оны #6 дугаарыг хүргэж байна.
Өнөөдрийн дугаараар:
- Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд (ломбард, барьцаалан зээлдүүлэх газар зэрэг хамаарна)-ийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэх хугацаа дуусгавар боллоо.
- Нэрийн дансны 2023 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоолоо.
- УДШ хуурамч диплом ашиглаж сумын засаг даргаар томилогдон ажиллаж байсан этгээдээс төрөөс гарсан зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. Үүнтэй төстэйгөөр хувийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ажил олгогч хуурамч баримт бичиг бүрдүүлж ажилд орсон ажилтнаас түүнд олгосон цалингаа буцаан шаардах боломжтой юу? гэсэн асуулт бий болж байна.
1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэх хугацаа дуусгавар боллоо
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдан 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Тус хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд буюу бидний хэлж заншсанаар ломбард, барьцаалан зээлдүүлэх газар зэрэг этгээд нь эрх бүхий байгууллагад бүртгүүлэх шаардлагатай болсон. Тухайлбал, аймагт 100,000,000 (нэг зуун сая) төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300,000,000 (гурван зуун сая) төгрөг, түүнээс дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ. Үүнээс бусад этгээд аймаг, нийслэлийн Засаг даргад бүртгүүлэхээр хуульчилсан. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан барьцаалан зээлдүүлэх газрыг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор бүртгүүлэхийг үүрэг болгож, шилжилтийн үеийн зохицуулалт оруулсан ба энэ хугацаа өнгөрсөн баасан гарагт буюу 2024.03.01-ний өдрөөр дуусгавар боллоо.
Банк, ББСБ, хадгаламж зээлийн хоршооноос бусад байнгын шинжтэй, ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарах тул хуульд заасны дагуу бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Ийнхүү бүртгүүлээгүй бол цаашид барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэх эрхгүй буюу нэрэндээ “барьцаалан зээлдүүлэх газар”, “зээлийн үйлчилгээ” гэсэн тэмдэглэгээ, эсхүл түүнтэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэх, зар сурталчилгаа явуулахыг хориглож, Зөрчлийн тухай хуульд зааснаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргаж, зөрчил тус бүрд мөнгөн торгуулийн шийтгэл хүлээхээс гадна зээлдэгчээс зээлийн хүү авах эрхээ алдах нөхцөл бүрдэнэ.
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид тавигдах шаардлага, бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар манай фирмд хандаж зөвлөгөө авах боломжтойг дурдъя.
2. Нэрийн дансны 2023 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоолоо
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд 1960 оноос хойш төрсөн даатгуулагч бүрт тэтгэврийн даатгалын нэрийн данс нээж, төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл, тооцсон хүү, мөнгөжүүлсэн орлого, олгосон тэтгэвэр зэрэг орлого, зарлагыг нэгтгэн бүртгэхээр хуульчилсан. Түүнчлэн тус нэрийн дансны эхний үлдэгдэл, бүртгэсэн шимтгэлийн орлогоос даатгуулагчийн мөнгөжүүлсэн орлогыг хасаж үлдэх орлогод жил бүр хүү тооцож, бүртгэхээр заасан ба тус хүүгийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтоохоор зохицуулсан. Энэ үүргийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 15 тоот тогтоол гаргаж, нэрийн дансны 2023 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг 14.3 хувиар тогтоож, 2023 оны орлогод хүү тооцох ажлыг 2024 оны 1-р улиралд багтаан зохион байгуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт үүрэг болгожээ.
3. УДШ хуурамч диплом ашиглаж сумын засаг даргаар томилогдон ажиллаж байсан этгээдээс төрөөс гарсан зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.5.1 дахь хэсэгт зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой байх шаардлага тавигддаг. Гэтэл нэгэн сумын Засаг дарга А гэгч нь дээд боловсролоо нотолсон баримт бичиг буюу их сургуулийн дипломоо хуурамчаар үйлдэж, улмаар Засаг даргаар томилогдон 4 сарын хугацаанд ажилласан байдаг. Тийнхүү А-н санаатайгаар хууль бус үйлдэл хийж хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нэр дэвших шаардлагыг хангасан мэт байдлыг бүрдүүлж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн тул тухайн албан тушаалд тохирсон ажил гүйцэтгэсэн гэж үзэхгүй гэж УДШ дүгнэжээ. Иймд, А нь зохих ёсоор ажил гүйцэтгээгүй учраас тус хугацаанд цалин авах эрхгүй гэж үзэн А-д олгосон цалинг төрд буцаан төлүүлэхээр шүүх шийдвэрлэжээ. Тухайлбал, А-д олгосон цалингаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг суутган үлдэх төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүнтэй төстэйгөөр хувийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ажил олгогч хуурамч баримт бичиг бүрдүүлж ажилд орсон ажилтнаас түүнд олгосон цалингаа буцаан шаардах боломжтой юу? гэсэн асуулт бий болж байна. Энэ мэт танд хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал тулгарч байгаа бол мэргэжлийн хуулийн фирмд хандахыг зөвлөж байна.
Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.
#Цогц #Шуурхай #Баталгаатай #Хялбар #Найдвартай #ХуульчРобот
Та өөрт шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгээ илүү хялбар, хурдан хугацаанд авах бол iGeree–г сонгоорой. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэг түгээмэл ашиглагддаг 30 орчим гэрээ, журам, 200 орчим төрлийн тушаал, ажлын байрны тодорхойлолтоос сонголтоо хийх боломжтой.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:



