Legal Newsletter #7
2024.03.14
LEGAL NEWSLETTER
Өдрийн мэнд,
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн #7 дугаарыг хүргэж байна.
Өнөөдрийн дугаараар:
- Мэдээний булан: Финтекийн үйлчилгээ эрхлэгч болон мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдийн анхааралд
- Шинэ зохицуулалтын булан: НДШ төлөлтийг тайлагнах, шимтгэл нөхөн төлүүлэх журмыг шинэчлэн баталлаа.
- УДШ-ийн тогтоолын булан: Шүүх иргэн А-ийн зүгээс “Б” ХХК-д холбогдуулан Зээлийн мэдээллийн сангаас бүртгэл хасуулахыг даалгуулахаар нэхэмжилжээ (2024-03-04)
1. Финтекийн үйлчилгээ эрхлэгч болон мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдийн анхааралд
Санхүүгийн зохицуулах хороо, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв болон Финтекийн холбоо хамтран өнгөрсөн лхагва гарагт буюу 3-р сарын 06-ны өдөр “FINSEC” форум зохион байгуулжээ. Форумын үр дүнд нийт оролцогч байгууллагууд финтек компаниуд болон хэрэглэгчдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд төр, хуулийн этгээд хурдан шуурхай мэдээлэл солилцож, таслан зогсоох арга хэмжээ авах, энэ тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах хүрээнд хамтарч, дэмжиж ажиллах, финтек компаниуд аюулгүй байдлаа хангах, иргэдийн кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд нэгдэж ажиллахаа мэдэгдэж, уриалга гарган “Кибер аюулгүй байдлын зөрчил зохицуулахтай холбоотой мэдээлэл солилцох протокол”-д нэгдсэн байна.
Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох эрх бүхий байгууллагын дүрэм, журамд зааснаар финтек зээлийн үйлчилгээ үзүүлж буй ББСБ, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, цахим төлбөр тооцоо гүйцэтгэгч зэрэг кибер орчинд дундын мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцооллын болон түүний хэвийн үйл ажиллагааг хангахад мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд нь кибер аюулгүй байдлыг хангах, кибер халдлага, зөрчлөөс хамгаалах үүрэгтэй. Тодруулбал, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны дотоод журам батлах, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, аудитыг тогтоосон хугацаанд хийлгэх, зохих арга хэмжээг хэрэгжүүлэх, кибер халдлагын талаар кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төв болон халдлагад өртсөн хэрэглэгчид даруй мэдэгдэх, халдлагыг таслан зогсоох, боломжгүй бол эрх бүхий байгууллагаас туслалцаа авах зэрэг үүрэг хүлээдэг.
Финтекийн үйлчилгээ эрхлэгч болон мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдүүдэд хандан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг бид мөн уриалж байна.
2. НДШ төлөлтийг тайлагнах, шимтгэл нөхөн төлүүлэх журмыг шинэчлэн баталлаа
Шинэчлэн найруулсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх харилцааг зохицуулсан журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан. 2023.12.25-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/199 дүгээр тушаалаар (https://mlsp.gov.mn/uploads/files/35juram.pdf) Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг шинэчлэн баталсан байна.
Шинэчлэн баталсан журмаар НДШ-ийн өрийн насжилтаар түүнд тооцох хариуцлагын арга хэмжээг ангилан тогтоож, НДШ-н өртэй байгууллагатай өр төлөх нарийвчилсан хуваарь гарган гэрээ байгуулах зохицуулалт нэмэгдсэн нь өмнөх журмаас онцлог ялгаатай болсон байна. Тодруулбал, ажил олгогчийн нийгмийн даатгалын өрийг төлөгдөөгүй хугацаагаар нь 10 ангилж, дараах өр төлбөр барагдуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтоожээ.
Мөн ажил олгогчийн НДШ-ийн өр төлбөрийн талаарх мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд хүргүүлэхээр журамд зохицуулжээ.
3. Зээлдүүлэгч зээлийн үнэн, бодитой байдлыг нотолж чадаагүй тохиолдолд ЗМС-д нийлүүлсэн зээлийн мэдээллийг залруулах үүрэгтэй гэж УДШ үзэв
2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2024/00024 дугаар тогтоолоор иргэн “Х”-н зээлийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сан (цаашид “ЗМС” гэх)-гаас хассан мэдээлэл нийлүүлэхийг хариуцагч (зээлдүүлэгч)-д даалган шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр дэх маргаан бүхий нөхцөл байдлыг тодорхойлбол, зээлдүүлэгч нь зээлийн төлөгдөөгүй төлбөрийн мэдээллийг ЗМС-д нийлүүлсэн байсныг зээлдэгч үл хүлээн зөвшөөрч, зээлийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар өгсөн автомашинаар бүрэн төлсөн, аливаа зээлийн өр төлбөр байхгүй тул өөрийн мэдээллийг ЗМС-аас хасуулахыг зээлдүүлэгчид даалгах нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал, зээлдэгч болон зээлдүүлэгчийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ бий эсэх, зээлийн өр төлбөр бий эсэх талаар маргаан үүссэн байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн (1) зээлдэгч болон зээлдүүлэгчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна (2) талуудын хооронд зээлийн өр төлбөр бий эсэхийг шалгахад зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон автомашиныг ямар үнээр худалдсаныг зээлдүүлэгч нотлоогүй учраас зээлийн үлдэгдэл төлбөр бий эсэх нь тогтоогдохгүй байх тул Зээлдүүлэгч зээлийн төлбөрийг Зээлдэгчээс шаардах эрхгүй гэж үзжээ. Мөн Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар ЗМС-д мэдээлэл нийлүүлэгч нь зээлдүүлэгч (банк, ББСБ гэх мэт) бөгөөд зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг ЗМС-д нийлүүлэх, зээлийн мэдээллийг дутуу алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй. Иймд, зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг авах эрхтэй эсэхээ нотолж чадаагүйн улмаас зээлийн мэдээллийн үнэн зөв, бодитой, тодорхой байдлыг хангахгүй байгаа тул ЗМС-д нийлүүлсэн мэдээллээ залруулах үүрэгтэй гэж шүүх үзжээ.
Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.
#Цогц #Шуурхай #Баталгаатай #Хялбар #Найдвартай #ХуульчРобот
Та өөрт шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгээ илүү хялбар, хурдан хугацаанд авах бол iGeree–г сонгоорой. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэг түгээмэл ашиглагддаг 30 орчим гэрээ, журам, 200 орчим төрлийн тушаал, ажлын байрны тодорхойлолтоос сонголтоо хийх боломжтой.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:




