Legal Newsletter #8
2024.03.28
LEGAL NEWSLETTER
Өдрийн мэнд,
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн энэ оны #8 дугаарыг хүргэж байна.
Өнөөдрийн дугаараар:
- Шинэ зохицуулалтын ФАТФ-ын “саарал жагсаалт” болон “хар жагсаалт” шинэчлэгдлээ
- Мэдээний булан: МҮХАҮТ-аас Залуусын бизнес сургалтын хөтөлбөрийг гурван шаттай зохион байгуулна
- УДШ-ийн тогтоолын булан: УДШ төлбөрийг ялгамжтай тооцохоор гэрээнд тусгасан нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулийг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэжээ (2024-02-06)
1. ФАТФ-ын “саарал жагсаалт” болон “хар жагсаалт” шинэчлэгдлээ
Т. Ража Кумарын ерөнхийлөгчийн удирдлага дор үйл ажиллагаа явуулж буй Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 2024.02.21-23-ны өдрүүдэд Парис хотод зохион байгуулагдаж, 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагч оролцжээ. Эрсдэлд суурилсан гарын авлага гаргах, арга хэмжээний тоймоо нийтлэх, дараагийн хоёр жилийн стратегийн тэргүүлэх чиглэл, ISO20022 стандартад өөрчлөлт оруулах, эрсдэлд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг тодорхойлох асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Үүний дотор “Саарал жагсаалт” болон “хар жагсаалт”-ыг хэлэлцсэний үр дүнд Барбадос, Гибралтар, Уганда, Арабын Нэгдсэн Эмират Улсуудыг “саарал жагсаалт”-аас гаргахаар болж, харин Кени болон Намиби улсуудыг жагсаалтад нэмжээ. “Хар жагсаалт”-д өөрчлөлт ороогүй байна. Ингэснээр жагсаалт дараах байдалтай болж шинэчлэгджээ:
Уг жагсаалтыг улс орнуудын санхүүгийн тогтолцоог татварын болон бусад төрлийн гэмт хэргээс хамгаалах, улс орнуудын санхүүгийн салбарын ил тод байдлыг хангах, санхүүгийн мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулахтай холбогдуулж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлсний үр дүнд, тэдгээрээс сэргийлэх зорилгоор гаргадаг тул мэдээлэх үүрэгтэй этгээд нь дээрх улсуудад хамаарах хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдлийн нэр илэрсэн, мэдсэн даруйд урьдчилан мэдэгдэлгүйгээр холбогдох данс, хөрөнгийн хөдөлгөөнийг шууд зогсоож, холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр гүйлгээ хийх эрхгүй болгож, энэ тухай тагнуулын байгууллага, Санхүүгийн мэдээллийн албанд даруй мэдээлэх үүрэгтэй байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар дараах этгээдүүд уг мэдээлэх үүргийг хүлээнэ:
2. МҮХАҮТ-аас Залуусын бизнес сургалтын хөтөлбөрийг гурван шаттай зохион байгуулна
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Бизнесийн сургалтад 10,000 залуусыг хамруулах бүртгэл эхэлсэн талаар 2024.03.20-ны өдөр буюу өчигдөр мэдээлэл хийжээ. Хөтөлбөр нь дараах гурван үе шаттай байна:
Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийн нэг жилийн сургалт олон улсад дунджаар 30 сая төгрөг байдаг байна. Олон улсын сургалтуудтай дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох албан ёсны эрхтэй тус сургалт нь 300,000 төгрөгийн төлбөртэй ба 30% буюу 99,000 төгрөгийг суралцагч төлж, үлдсэн 201,000 төгрөгийг МҮХАҮТ, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан болон бусад байгууллагууд хариуцах юм байна.
Тус хөтөлбөрийг сонирхвол энд дарж бүртгүүлэх боломжтой.
3. УДШ төлбөрийг ялгамжтай тооцохоор гэрээнд тусгасан нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулийг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэжээ (2024-02-06)
УДШ-ийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 001/ХТ2024/00031 тогтоолоор нэхэмжлэгч “А” ХК /худалдагч/ нь хариуцагч “Б” ТӨХК-д /худалдан авагч/ холбогдуулан нийт дөрвөн ХХАГ гүйцэтгэлд мөнгөн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн хэргийг хянан хэлэлцжээ.
- 07.24-ний өдрийн 18 дугаартай ХХАГ /талууд гэрээг дүгнэхдээ 5%-тай тэнцэх хэмжээний 2,300ш төмөр бетон дэрний төлбөр төлөгдөөгүй болохыг баталсан нь нотлох баримтаар хэрэгт авагдсан/
- 01.22-ны өдрийн 02 тоот ХХАГ /гүйцэтгэлийн баталгаа болох 5%-тай тэнцэх хэмжээний 12,600ш төмөр бетон дэрний төлбөр төлөгдөөгүй болохыг батлав/
- 07.27-ны өдрийн 37 дугаартай ХХАГ /гүйцэтгэлийн баталгаанд үлдээх 5 хувь буюу 9,015 төмөр бетон дэрний тооцоотой/
- 09.23-ны өдрийн 44 дугаартай ХХАГ /гүйцэтгэлийн баталгаа болох 5% төлбөрийн үлдэгдэлтэй/
Хариуцагч төмөр замын бүтээн байгуулалт дуусаагүй тул гуравдагч этгээд болох “Г” ХК төслийн үлдэгдэл санхүүжилт хугацаанд нь гүйцэтгээгүй саатуулснаас санхүүгийн боломж үүсээгүй хэмээж, худалдах-худалдан авах гэрээ тендерийн журмаар явагдаагүй, гэрээнд ам.доллараар төлөхөөр тохирсон нь хүчин төгөлдөр бус гэж маргажээ.
Талууд дөрвөн худалдах-худалдан авах гэрээ тус бүр дээр гүйцэтгэлийн баталгаа болох 5 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн үлдэгдэл байгаа дээр маргаагүй боловч ХХАГ хүчин төгөлдөр эсэх, төлбөрийг ам.доллараар тохирсон нь хууль зөрчсөн эсэх, гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох эсэх дээр маргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сонгосон нь зөв боловч өөр өөр дүгнэлт хийсэн байгааг Улсын дээд шүүх онцолсон байна.
Улсын дээд шүүхээс худалдах-худалдан авах гэрээнүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дурдсан худалдан авах ажиллагааны журам, тендерийг хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, хүчин төгөлдөр бус гэрээнд тооцох зохицуулалтуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна хэмээн дүгнэжээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар талуудын хооронд үүссэн үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч талаас хариуцагчид бэлтгэн нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүнийг буюу түүнтэй дүйцэх мөнгөн дүнг гаргуулах үндэслэлтэй байна. Зарим эд ангиа гадаадаас авдаг тул тэдгээрийн зардлыг ам.доллараар, үлдсэнийг төгрөгөөр ялгамжтай тооцохоор гэрээнд тусгасан нь Иргэний хууль дахь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн зохицуулалт, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулийг зөрчөөгүй. Иймд хариуцагчаас төлбөр гаргуулах давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин анзын гэрээ бичгээр байгуулаагүй тул алданги гаргуулах үндэслэлгүй хэмээгээд алдангийн дүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй хэмээжээ.
Ингэснээр худалдах-худалдан авах гэрээнүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус боловч нэгэнт нэхэмжлэгч талаас хариуцагчид бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлж, хариуцагч хөрөнгөжсөн тул буцаан төлөх үүрэгтэй хэмээн дүгнэсэн ба хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнгээс “алданги төлөх үндэслэлгүй” гэх хэсгийг хангаж, төлбөрийг гэрээнд заасны дагуу Монголбанкны албан ёсны ханшаар тооцсон нь үндэслэлтэй тул гэрээ байгуулах үеийн ханшаар тооцуулах тухай гомдлын хэсгийг хангахгүй орхисон байна.
Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.
#Цогц #Шуурхай #Баталгаатай #Хялбар #Найдвартай #ХуульчРобот
Та өөрт шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгээ илүү хялбар, хурдан хугацаанд авах бол iGeree–г сонгоорой. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэг түгээмэл ашиглагддаг 30 орчим гэрээ, журам, 200 орчим төрлийн тушаал, ажлын байрны тодорхойлолтоос сонголтоо хийх боломжтой.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:






