Legal Newsletter #10
2024.04.26
LEGAL NEWSLETTER
Өдрийн мэнд,
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн энэ оны #10 дугаарыг хүргэж байна.
Өнөөдрийн дугаараар:
-
Шинэ зохицуулалтын булан: Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам мөрдөгдөж эхэллээ
-
Мэдээний булан: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газар Үндэсний судалгааны нэгдсэн платформ үүсгэлээ
- Улсын дээд шүүхийн тогтоолын булан: Улсын Дээд Шүүх алдангийн хэмжээг багасгаж биш хасаж шийдвэрлэжээ (2024-03-26)
1. Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам мөрдөгдөж эхэллээ
Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам баталсан 2024.03.29-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр боллоо.
Тус журмаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар арилжаалах зэсийн баяжмалын гэрээний стандартыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, чанарын хяналтыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулжээ.
Тус журам нь нийтлэг үндэслэл, гэрээний үндсэн нөхцөл, Тээвэрлэлт, хадгалалт, чанарын хяналт, төлбөр тооцоо, Бусад гэх хэсэгтэй. Гэрээний үндсэн нөхцөлийн дагуу гэрээгээр арилжаалах зэсийн баяжмалын нэг багц нь 1000 тонн байна. Худалдагч өөрөөр тогтоогоогүй бол арилжааны үед хамгийн багадаа тонн тутамд 5 ам.доллароор өсгөх замаар үнэ хаялцуулахаар зохицуулжээ. Спот гэрээ нь гэрээний төлбөр хийгдсэнээс хойш нэг сар хүртэл хугацаатай, форвард гэрээ нь 12 сар хүртэл хугацаатай байна.
Тээвэрлэлт, хадгалалт, чанарын хяналт, төлбөр тооцоог 1. Тээвэр логистик, 2. Агуулахын баримт, хадгалалт, 3. Төлбөр тооцоо, 4. Чанарын хяналт гэх дөрвөн хүрээнд зохицуулсан. Тээвэр логистикийн хүрээнд гэрээ байгуулсан Биржийн итгэмжлэгдсэн тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгч нь терминалаас нийлүүлэх цэгт хүргэх үйл ажиллагаа эрхэлнэ. Худалдагч нь хүргэлт хийх тээврийн хэрэгслийн дугаар, хүргэлтийн маршрут, бүтээгдэхүүн, тоо хэмжээ, очих хугацааны талаарх мэдээллийг итгэмжлэгдсэн агуулах, терминалд бүтээгдэхүүнийг хүргэхээс 3 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Журмаар итгэмжлэгдсэн агуулах, терминалын үүргийг тодорхойлж, холбогдох стандартыг баримтлахаас гадна камерын хяналтын систем бүрдүүлж, бүтээгдэхүүний овоолгын нэршлийн самбартай байхыг шаардсан. Мөн итгэмжлэгдсэн лабораторийн дээж, бүтээгдэхүүний төлбөр хүлээн авсан баримт, ачилт хийх үйл явц, спот гэрээгээр арилжаалахтай холбоотой харилцааг зохицуулсан.
Төлбөр тооцооны тухайд агуулах терминалын төлбөрийг тухайн агуулах, терминалын худалдагчтай байгуулсан гэрээнд тусгагдах нөхцөлөөр болон худалдан авагч бүтээгдэхүүнийг хугацаа хожимдуулан хүлээн авснаас хойш тухайн агуулах, терминалын нэхэмжлэхийн дүнгээр тооцохоор тусгасан.
Чанарын хяналтын тухайд нийт шинжилгээний дээжийн 10-аас доошгүй хувьд шинжилгээ хийх, холбогдох стандартад заасан аргачлалыг баримтлан дээж авах, ажлын 3 өдрийн дотор давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах, шинжилгээний үр дүнгийн зөрүүтэй тохиолдол гэх зэргийг зохицуулжээ.
Үүнээс гадна гэрээнд заавал тусгах зүйл, маргаан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна. Зэсийн баяжмалын арилжаатай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудсаар зочлоорой.
2. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газар Үндэсний судалгааны нэгдсэн платформ үүсгэлээ
Монгол Улсын Засгийн газар олон нийтийн оролцоотойгоор нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор “Sudalgaa.gov.mn” Үндэсний судалгааны платформыг иргэд, эрдэмтэн судлаачдын мэдээлэл солилцох талбар болгон үүсгэн байгуулсан байна.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд төрийн цахим худалдан авах системээр “судалгаа” гэх тодотголтой нийт 200 гаруй тэрбум төгрөгийн 219 ажлыг сонгон шалгаруулсан боловч судалгаанууд нээлттэй биш, хүртээмжгүй байгаагаас судалгааны давхцал үүсэх, хэрэглээ, үр ашиг нь хязгаарлагдах зэрэг асуудал түгээмэл байсныг шийдвэрлэх ач холбогдолтой юм.
Иргэд, байгууллагууд тус платформд бүртгүүлэн судалгаагаа байршуулахаас гадна зохиогчийн эрхийн гэх мэт зөрчилтэй судалгаа илэрсэн тохиолдолд уг зөрчлийн талаар “зөрчил мэдэгдэх” товчин дээр дарж мэдэгдэх боломжтой болжээ.
3. Улсын Дээд Шүүх алдангийн хэмжээг багасгаж биш хасаж шийдвэрлэжээ (2024-03-26)
Иргэн А нь иргэн Б-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлс 73,200,000 төгрөг, алданги 36,600,000 төгрөг, нийт 109,800,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Талууд 2017.11.02-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, захиргааны болон иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд оролцохоор болсон ба 2018.06.12-ны өдөр тус гэрээнд өөрчлөлт оруулжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол Улсын дээд шүүх дараах дүгнэлт хийж шийдвэр магадлалд өөрчлөлт оруулсан байна.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь бусад хөлсөөр ажиллах гэрээнээс онцлогтой, өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж байгаа нь тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн үндсэн дээр бусдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой мэргэшсэн үйлчилгээ үзүүлж байгаа харилцаа бөгөөд хуульч гэсэн мэргэжлийн хувьд энэ мэргэшсэн үйл ажиллагааг эрхлэхдээ тухайн харилцааг зохицуулсан хууль, холбогдох дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд хуульчийн үйл ажиллагаа нь арилжааны шинж чанартай үйл ажиллагаа биш хэмээн Улсын дээд шүүх дүгнэжээ. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.4-дэх зүйлийн 1-д зааснаар “хуульч үйлчилгээний хөлс, зардлыг үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцож тогтооно” гэж нэг талаас гэрээний талуудын чөлөөт зарчмыг тодорхойлохын зэрэгцээ нөгөө талаар дүрмийн 2.4-р зүйлийн 2-т хуульч нь үндэслэлгүй хөлс, зардал тогтоох авахыг хориглоно гэсэн хязгаарлалтыг тогтоосон болохыг шүүх онцлон дурджээ.
Харин алдангид холбогдуулан хугацаа хожимдуулсан хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-аар алданги тооцохоор гэрээндээ тусгасныг хэрэг тус бүрийн онцлогоос хамаарч алданги тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ, ийнхүү алданги тооцох нь үйлчлүүлэгч талд сөрөг үр дагавар үүсгэх эсэхийг анхаарна гээд нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг тус бүр хэзээ биелүүлэх байсан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа эсэхийг өмнөх хоёр шатны шүүх тодруулаагүй, нэхэмжлэгч нь хуульч атлаа нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаагүй байх тул алдангийн талаар тооцоолол хийх үндэслэлгүй гэж УДШ дүгнэж, Иргэний хуулийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болохоор заасныг үндэслэн алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан байна.
Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.
#Цогц #Шуурхай #Баталгаатай #Хялбар #Найдвартай #ХуульчРобот
Та өөрт шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгээ илүү хялбар, хурдан хугацаанд авах бол iGeree–г сонгоорой. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэг түгээмэл ашиглагддаг 30 орчим гэрээ, журам, 200 орчим төрлийн тушаал, ажлын байрны тодорхойлолтоос сонголтоо хийх боломжтой.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу: