Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

MDS&KhanLex LLP

Хөрөнгийн зах зээлд хамаарах хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд

2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, Улаанбаатар хот.

 

Хөрөнгийн зах зээлд хамаарах хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд

Хөрөнгийн зах зээлийн харилцааг зохицуулж буй Монгол Улсын хууль тогтоомжид 2024 онд орсон өөрчлөлтүүдийг энэ удаагийн нийтлэлээр танилцуулж байна.

 

Нэг. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль

Үнэт цаас болон түүнийг гаргах, бүртгэх, арилжихтай холбоотой суурь харилцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулдаг. Тус хуульд 2024 онд хоёр удаа өөрчлөлт орсон бөгөөд нэгдүгээр сард бичгээр хүргүүлэх, мэдээлэх зохицуулалтыг цахимаар гүйцэтгэж болохоор өөрчилж, тавдугаар сард хуулийн зохицуулах харилцаа, нэр томъёоны тодорхойлолт, үнэт цаасанд хамаарах санхүүгийн хэрэгсэл, зохицуулалттай этгээд, түүний үйл ажиллагааны зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт орж, Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-ны журмаар зохицуулж байсан зарим харилцааг хуульд тусгасан байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын санд холбогдох зохицуулалтыг бүхэлд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиас хасч, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулсан байна. Хуулийн өөрчлөлтийг танилцуулбал:

Нэр томъёо. Зарим хуулийн нэр томъёог өөрчилсөн байна. Тухайлбал, “хөрөнгийн бирж”-ийг “үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага”, “үнэт цаасны арилжааны тооцоо”-г “үнэт цаасны клирингийн”, “үнэт цаасны арилжааны төлбөрийн” гэдгийг “үнэт цаасны арилжааны тооцооны” гэж тус тус өөрчилсөн байна. Мөн үнэт цаасны зах зээл, биржийн зах зээл, биржийн бус зах зээл, үнэт цаасны анхдагч зах зээл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, өрийн хэрэгсэл, опцион, фьючерсийн гэрээ, хадгаламжийн бичиг, түүнийг гаргагч, мэргэжлийн хөрөнгө оруулагч, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэл, зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны  тодорхойлолтыг шинэчлэн найруулж, форвард, своп гэрээ, хаалттай хүрээнд худалдах, хувьцааны хамтын санхүүжилт, номиналь данс, олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгслийн нэр томъёоны тодорхойлолтыг шинээр нэмсэн байна.

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр үнэт цаасанд хамаарах санхүүгийн хэрэгсэлд хоёр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг нэмж тодорхойлжээ.

  • Мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий банк хадгаламжийн сертификат гаргах: Тус үнэт цаасыг бүртгэх, арилжих, тайлагнахтай холбоотой журмыг Төв банк болон Хадгаламжийн даатгалын корпорацийн саналыг харгалзан Хороо батлахаар зохицуулж, Төв банкны санал, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр Хороо тухайн үнэт цаасыг бүртгэхээр зохицуулжээ.
  • Монгол Улсын нэгдэн орсон олон улсын санхүүгийн байгууллага биржийн болон биржийн бус зах зээлд өрийн хэрэгсэл гаргах: Өрийн хэрэгслийг бүртгэх, түүнд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журмыг Хороо батлахаар хуульчилжээ.

Мөн хуульд Засгийн газрын үнэт цаасыг үнэт цаасны зах зээлд хамаарах санхүүгийн хэрэгсэлд нэмж тусгасан байна. Энэ нь шинэ санхүүгийн хэрэгсэл гэхээс илүүтэйгээр хуулийн хийдлийг арилгасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн нээлттэй хувьцаат компани болох зорилгоор хаалттай хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэж, хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагчид санал болгож, тэдгээрийн хооронд арилжиж болох бөгөөд уг харилцааг зохицуулсан журмыг Хороо батлахаар заасан байна.

Мөн хуулиар 18 төрлийн зохицуулалттай үйл ажиллагааг зохицуулдаг байсан бол үүнд хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг шинээр нэмж, “Хорооноос зохицуулалттай гэж тооцсон бусад үйл ажиллагаа” гэснийг хассан байна. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь тусгай программ хангамжаар дамжуулан гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон хөрөнгө оруулагчийн хооронд санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг үр ашигтайгаар зохион байгуулах этгээд байна. Ийнхүү гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн зуучлалын үйлчилгээг авч өөрсдийн бизнесийн төсөл, хөтөлбөрөө хөрөнгө оруулагчид танилцуулж, хувьцаагаа санал болгох замаар санхүүжилт татах бөгөөд уг үйл ажиллагааг бүртгэлийн үндсэн дээр эрхлэхээр хуульчилж, үйл ажиллагаа, программ хангамжид тавих нөхцөл, шаардлага болон гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн татан төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ, хөрөнгө оруулалт татах хугацаа болон иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, хөрөнгө оруулах хөрөнгийн дээд хэмжээ, хязгаарлалтыг Хороо тогтоохоор хуульчилжээ. Тус хувьцааны хамтын санхүүжилт нь үнэт цаасыг олон нийтэд санал болгох ажиллагаанд хамаарахгүй байна.

Үнэт цаасны танилцуулга бэлтгэх, үнэт цаас гаргах. Үнэт цаасны танилцуулгад тусгах мэдээлэлд өөрчлөлт орсон байх ба сүүлийн нэг жилээс дээшгүй хугацааны дотор хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулгад тусгах шаардлагагүй болсон байна. Гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад нийтэд санал болгон үнэт цаасаа гаргах, банкнаас үнэт цаасны зах зээлд хадгаламжийн сертификат гаргах, олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл гаргах тохиолдолд үнэт цаасны танилцуулга бэлтгэх шаардлагагүй байхаар хуульд нэмж тусгажээ.

Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10.15.1-д Засгийн газар нийтэд санал болгон өрийн хэрэгсэл гаргахад үнэт цаасны танилцуулга бэлтгэхгүй байх тухай  заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба Засгийн газар үнэт цаас гаргахдаа танилцуулга бэлтгэдэг. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахад үнэт цаасны танилцуулга бэлтгэхгүй байх тухай уг хуулийн 10.15.6 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулсныг хууль зүйн ноцтой үр дагаварт хүргэж болох хууль зүйн хийдэл гэж үзэж байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга өрийн хэрэгсэл гаргахдаа ямар зориулалтаар ямар хэмжээний хөрөнгө татах, түүний зарцуулалтын зориулалт, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, түүний үе шат, хугацаа, үр дүн, өрийн хэрэгслийн үндсэн болон хүүгийн төлбөрийг ямар эх үүсвэрээр, ямар хугацаанд төлөх талаар танилцуулахгүйгээр хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татах боломжийг энэ хуулиар олгож байна.

Зүй нь ийм танилцуулга бэлтгэдэг бол 4 жилийн хугацаагаар томилогддог Засаг дарга бүрэн эрхийн хугацаандаа хаалттай болон нээлттэй хүрээнд өрийн хэрэгсэл гаргаж, уг эх үүсвэрээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнг тайлагнах замаар олон нийтийг мэдээллээр хангадаг байх үүрэг хүлээх ёстой. Танилцуулга, төлөвлөгөөгүй байх нь “өрийн хэрэгслийн эргэн төлөлт нь аймаг, нийслэлийн төсвийн үүрэг байна” гэсэнтэй утга нэг бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах эрсдэл үүсгэх, цаашлаад татвар төлөгчдийн дарамтыг нэмэгдүүлэхээс цаашгүй. Иймд Засгийн газрын өрийн хэрэгсэлтэй ижилтгэн зохицуулж, хуулийн 10.15.6 дах заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна.

Мөн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр үнэт цаасыг анхдагч зах зээлд арилжих зөвшөөрөл олгохтой холбоотой зохицуулалтыг хүчингүй болгосон байна. Үүнээс үзвэл Хороо үнэт цаасыг бүртгэснээр үнэт цаасыг анхдагч зах зээлд арилжих нөхцөл бүрдэнэ гэж ойлгохоор байна.

Өрийн хэрэгсэл. Өмнө нь зөвхөн нийтэд санал болгох өрийн хэрэгслийг хуулиар зохицуулж байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр компанийн өрийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээлд хуульд нийцүүлэн гаргахаар зохицуулж, өрийн хэрэгсэл нь барьцаа, баталгаагүй бол санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон байх шаардлагыг нэмж, хөтөлбөрийн хүрээнд өрийн хэрэгсэл гаргах, хөтөлбөрөөр гаргах эхний үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг хуульд заасан хугацаанд гаргах шаардлагыг Хорооны журмаар зохицуулж байсныг хуульчилж, Хорооноос зөвшөөрсөн этгээд нь компанийн өрийн хэрэгсэл эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг тухай бүр шаардах, барьцаа, баталгааны гэрээг байгуулах, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлгүйгээр эдлэхээр хуульд нэмж тусгажээ.

Үүсмэл санхүүгийн хэрэгсэл. Өмнө нь үнэт цаасны дилерийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд үүсмэл санхүүгийн хэрэгслийг тухайн арилжаа эрхлэх байгууллагаас тогтоосон журмын дагуу мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгчийн хүрээнд арилжих боломжтой байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр үүсмэл санхүүгийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр гаргах боломжтой болж, үнэт цаас гаргах арилжих, оролцогчид тавих нөхцөл, шаардлага, суурь хөрөнгийн төрлийг Хороо тогтоохоор, биржийн бус зах зээлд арилжих үүсмэл санхүүгийн хэрэгсэл, стандарт гэрээний нөхцөл, арилжих журмыг тухайн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага батлахаар тус тус хуульчилжээ.

Зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаа. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зарим зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааг оновчтой тодорхойлж, чиг үүрэг, үйл ажиллагааг өөрчлөн зохицуулжээ:

1/ Брокерийн үйл ажиллагаа. Брокер харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг ҮЦТХТ дэх харилцагчийн дансанд хадгалахаас гадна номиналь дансанд байршуулж болохоор хуулийн зохицуулалтыг өөрчилж, эрх бүхий этгээдээс брокерын дансыг битүүмжлэх тохиолдолд харилцагчийн мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номиналь дансыг давхар битүүмжлэхийг хориглосон. Мөн брокер үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн номиналь данс эзэмшихэд тавих нөхцөл шаардлага, тухайн дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан журмыг Хороо батлахаар хуульчилжээ. Түүнчлэн брокер нь үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагааг хавсран эрхэлж болохоор хуульчилсан зэрэг нь брокерийн чиг үүргийг нэмэгдүүлэхийн хирээр харилцагчдад мэргэжлийн үйлчилгээг шуурхай хүргэх, харилцагчдын хөрөнгийг жинхэнэ утгаар нь брокерын хөрөнгөөс тусгаарласан чухал зохицуулалт болсон байна.

2/ Үнэт цаасны клирингийн болон төлбөр тооцооны үйл ажиллагаа. Өмнө нь үнэт цаасны клирингийн үйл ажиллагаа нь арилжаанд оролцогч талуудын төлбөл зохих төлбөрийг гэрээ тус бүрээр болон нэгдсэн байдлаар тодорхойлж, холбогдох санхүүгийн бүртгэл тооцооллыг хийн төлбөр хийгдэх бэлтгэлийг ханган төлбөр гүйцэтгэх даалгаврыг эрх бүхий төлбөрийн байгууллагад илгээх чиг үүрэгтэй байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уг үйл ажиллагааг илүү нарийвчлан тодорхойлж, чиг үүргийг өргөжүүлсэн байна. Үнэт цаасны клирингийн үйл ажиллагаа эрхлэгч нь  үнэт цаасны арилжааны хэлцэлд худалдан авагч талын эсрэг худалдагч тал, худалдагч талын эсрэг худалдан авагч талын үүрэг гүйцэтгэх, үүнтэй холбогдсон эрх хэрэгжүүлэх, үнэт цаасны арилжааны баталгаажсан хэлцлийн дагуу үнэт цаас шилжүүлэх болон мөнгөн төлбөр гүйцэтгэхтэй холбоотой арилжаанд оролцогч талуудын хүлээх үүргийг хэлцэл тус бүрээр, эсхүл цэвэршүүлсэн дүнгээр тодорхойлох, үнэт цаас шилжүүлэх болон мөнгөн төлбөр гүйцэтгэх даалгаврыг төлбөр тооцооны байгууллагад илгээх, үнэт цаасны арилжааны хэлцэлд оролцогч талууд үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан үүсэх эрсдэлийг удирдах чиг үүрэгтэй байхаар тодорхойлжээ. Мөн клирингийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахтай холбоотой нэмэлт зохицуулалтууд орсон байна.

Мөн үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагааны тодорхойлолтыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр илүү оновчтой тодорхойлж, холбогдох байгууллагаас ирүүлсэн даалгаврын дагуу үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн гүйлгээг нэгэн зэрэг гүйцэтгэх, үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн гүйлгээнд саатал гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн гүйлгээний тайланг үнэт цаасны клирингийн байгууллагад хүргүүлэх чиг үүрэгтэй байхаар зохицуулжээ.

Өмнө нь  төлбөр тооцооны /арилжааны/ байгууллага төлбөр гүйцэтгэгчээс барьцаа авах, батлан даалт гаргуулах болон барьцаа хөрөнгө, батлан даалтаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар зохицуулдаг байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Клирингийн гишүүн нь өөрийн харилцагчаас захиалгын үнийн дүнгийн тодорхой хувиар барьцаа байршуулахыг шаардах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааг үл маргах журмаар захиран зарцуулах эрхтэй байхаар өөрчилжээ.

3/ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа. Өмнө нь зөвхөн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасыг үнэт цаасны төвлөрсөн бүртгэлийн санд бүртгэх зохицуулалттай байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хаалттай хүрээнд худалдахаар санал болгосон үнэт цаасыг бүртгэхээр зохицуулсан нь биржийн бус зах зээлд нэгэнт практикаар тогтсон харилцааг хуульчилсан гэж үзэхээр байна. Түүнчлэн хуульд номиналь эзэмшигчээс бусад харилцагчийн үнэт цаасыг тухайн харилцагчийн нэр дээр бүртгэж, бенефициар өмчлөгчийн дансанд хадгалах, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны шилжүүлгийн болон мөнгөн төлбөрийн гүйлгээнд саатал гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, сааталтай холбоотой эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох үүрэгтэй байх чиг үүргийг нэмж хуульчилжээ.

4/ Кастодианы үйл ажиллагаа. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр кастодиан нь харилцагчийн нэрийн өмнөөс түүний зөвшөөрлөөр үнэт цаасны төлбөр, шилжүүлэг гүйцэтгэх, кастодианы харилцагч нь гадаад улсад кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй номиналь эзэмшигч, эсхүл итгэмжлэгдсэн өмчлөгч байх тохиолдолд бенефициар өмчлөгчийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу таньж мэдэж, бүртгэх, тухайн этгээд мэдээллээ гаргаж өгөх үүрэгтэй байхаар хуульд нэмэлт оруулжээ.

5/ Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэгч нь үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг хавсран эрхэлж болохоор хуульд нэмсэн нь харилцагч нэг дороос шаардлагатай үйлчилгээгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Зохицуулалттай этгээд зөвшөөрөл авах, тэдгээрийн нийтлэг үүрэг, зохицуулалттай этгээдийн хувьцаа шилжүүлэх, барьцаалах, салбар, төлөөлөгчийн газар байгуулахад тавигдах шаардлага, бүртгэлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зохицуулалттай этгээдийг Хороо бүртгэлээс хасах.

Зохицуулалттай этгээд зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргахад гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан, үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэл, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, удирдах дотоод хяналтын журамтай, түүнийг хэрэгжүүлэх хараат бус дотоод хяналтын ажилтантай байх, гүйцэтгэх удирдлага, мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх шаардлагыг хангасан талаарх нотлох баримтыг хавсаргахаар шинээр нэмж, өмнө нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан баримтыг бүрдүүлж өгдөг байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр мөн эргэлтийн хөрөнгийн хэмжээг хангасан баримтыг Хороонд хүргүүлэхээр хуульчилсан байна.

Зохицуулалттай этгээдийн зөвшөөрлийн хүсэлтийг ажлын 30 өдрийн дотор хянан шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд тус хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр сунгахаар хуульчилжээ. Түүнчлэн зохицуулалттай этгээд нь үйл ажиллагаандаа цахим сүлжээ, системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангах зарчмыг баримтлахаар нэмж хуульчилжээ.

Хамтын хөрөнгө оруулалтын сан, санхүүжих чадавхийн зэрэглэл тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль, үнэлгээ, аудитын үйл ажиллагаа эрхлэх этгээдээс бусад үйл ажиллагаа эрхлэх зохицуулалттай этгээдийн хувьцааг шилжүүлэх, барьцаалах бол (1) гэрээ байгуулсан байх (2) мөнгөн хөрөнгийн гарал үүсэл нь зээлийн эх үүсвэрээс бүрдээгүй, хууль ёсны байх (3) хувьцааг тэргүүн ээлжид худалдан авахтай холбоотой Компанийн тухай хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлсэн байх шаардлагыг хуульчилсан байна. Тус шаардлагыг Хорооны журмаар зохицуулдаг байсан.

Мөн Хорооны журамд зохицуулж байсан зохицуулалттай этгээд салбар, төлөөлөгчийн газар байгуулах бол (1) сүүлийн 2 улиралд Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан байх (2) салбар, төлөөлөгчийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулах  ажлын байртай, тухайн салбар, төлөөлөгчийн газарт тогтмол ажиллах ажилтантай байх (3) салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх (4) салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмыг баталсан байх шаардлагыг хуульд тусгасан байна.

Бүртгэлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Хороонд бүртгүүлснээс хойш 3 жилийн хугацаанд үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлээгүй, хуульд заасан шалгуур, нөхцөл, шаардлага (33.2, 33.3, 501.3)-ыг хангахгүй болсон тохиолдолд Хороо бүртгэлээс хасахаар хуульд нэмж тусгажээ.

Цахим шилжилт. Хуульд бичгээр хүргүүлэх, мэдээлэх, шаардахаар заасан зохицуулалтыг цахимаар гүйцэтгэх боломжтой болж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид Нийтийн мэдээллийн систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр хүргүүлэх, зохицуулалттай этгээд нь аудитын байгууллагатай байгуулсан гэрээг цуцалснаас, эсхүл дуусгавар болсноос хойш энэ тухайгаа Хороонд цахимаар мэдэгдэх, аудитор нь хяналт шалгалтын үр дүнгээ Хороонд цахимаар мэдэгдэх, Хороо нь зөвлөмж хүргүүлэх, мэдээлэл шаардах эрхээ цахимаар хэрэгжүүлж болохоор хуульд өөрчлөлт оруулжээ.

Түүнчлэн дээрхтэй ижил агуулгатай өөрчлөлтийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд оруулсан байна.

Бусад.

1/ Хялбаршуулсан журмаар бүртгэх. Үнэт цаас гаргагч урьд нь нийтэд санал болгон гаргасан тухайн төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар нэмж гаргахад Хороонд бүртгүүлэхээр байсан бол хуулийн өөрчлөлтөөр уг бүртгэлийг хялбаршуулсан журмаар гүйцэтгэж, түүнтэй холбогдсон журмыг Хороо батлахаар хуульчилжээ.

2/ Мэдээлэл хүргүүлэх. Урьд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргасан хуулийн этгээд өөр төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар гаргаж байгаа бол уг үнэт цаасыг Хороонд бүртгүүлэхээр байсныг хуулийн өөрчлөлтөөр Хороонд мэдээлэл хүргүүлж, олон нийтэд өөрийн болон арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан мэдээлдэг байхаар зохицуулжээ.

3/ Мэргэжилтэнд олгох эрх. Мэргэжилтэнд олгох эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгодог байсныг  хугацаагүй болгон өөрчилжээ. Мөн мэргэшлийн шалгаруулалтыг Мэргэшлийн зөвлөл эрхлэн гүйцэтгэх ба 9 гишүүний гуравны нэгээс доошгүй нь Хорооны төлөөлөл байхаар хуульд өөрчлөлт оруулсан байна. Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон журмыг Хороо тогтоодог байсныг өөрчилж, Мэргэжлийн холбоо батлахаар хуульчилсан нь төрийн байгууллага зарим чиг үүргээ мэргэжлийн холбоонд шилжүүлсэн сайн жишиг болсон гэж үзэж байна.

4/ Үнэт цаас гаргагчийн нийтлэг үүрэг. Үнэт цаас гаргагч болох Засгийн газар, аймаг, нийслэл, олон улсын санхүүгийн байгууллагад  хуульд зааснаас доошгүй тооны ТУЗ-ийн хараат бус гишүүнтэй байх, тохиромжтой этгээдийг эрх бүхий албан тушаалтнаар томилох, санхүүгийн аудитлагдсан тайлан, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг Хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэх, Хорооноос баталсан засаглалын журмыг дагаж мөрдөх заалтууд хамаарахгүй болохыг хуульд тусгасан.

5/ Хорооны бүрэн эрх. Дээр дурдсанаар Хороо нь шинээр хэд хэдэн журмыг батлах үүрэг үүсч байгаагаас гадна хаалттай хувьцаат компанийн хувьцааг бүртгэх, хадгалах, өмчлөх эрх шилжүүлэх, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэл, өв залгамжлалаар шилжүүлэх, дотоод мэдээллийг ашиглан арилжаанд оролцох үйлдлээс сэргийлэх, үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах үйлдлээс сэргийлэхтэй холбогдсон журам батлахаар хуульд заасан.

Энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Хороо болон бусад эрх бүхий байгууллагын дүрэм, журамд холбогдох өөрчлөлт ороогүй, зарим журам батлагдаагүй байна.

 

Хоёр. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль

2024 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд концепцийн шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсноос гадна Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулж байсан хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтуудыг бие даасан хуульд буюу Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд оруулсан. Тэдгээрээс ач холбогдол бүхий өөрчлөлтүүдийг танилцуулбал:

Хуулийн этгээдийн хэлбэр, эрх зүйн байдал, хөрөнгө оруулалтын сангийн тодорхойлолт. Өмнө нь хөрөнгө оруулалтын санг Компанийн тухай хуульд заасан компанийн хэлбэртэй байхаар алдаатай зохицуулсныг залруулж, санг “хуулийн этгээдийн эрхтэй тусгай зориулалтын компани” байхаар хуульчилж, Компанийн тухай хууль үйлчлэх зохицуулалтуудыг хүчингүй болгосон байна. Иймд,  сангийн дүрэм, ТУЗ-ийн бүрэн эрхийг тодорхойлоход Компанийн тухай хуулийг баримтлахгүй ба хөрөнгө оруулалтын сангийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа бус нэгж эрхээс бүрдэх юм.

Хуульд хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлж, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүрэн төлөөлж ажиллах санг хөрөнгө оруулалтын сан гэж өөрчлөн тодорхойлжээ.

Хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах. Хөрөнгө оруулалтын санг зөвхөн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд үүсгэн байгуулдаг байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд үүсгэн байгуулах боломжтой болсон.

Хуулийн этгээд үүсгэн байгуулахгүйгээр, гэрээний үндсэн дээр хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулж болох шинэ зохицуулалт оруулсан. Тухайлбал, хуулийн 141 дүгээр зүйлд зааснаар тус сан нь хуулийн этгээдийн эрхгүй байх ба Хороонд бүртгүүлсний үндсэн дээр сангийн үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ. Холбогдох журмыг Хороо батлахаар хуульчилжээ. Энэхүү зохицуулалт нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлэх, харьцангуй хүнд суртал багатай арга замыг нээх ач холбогдолтой байна.

Хороо хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хянаж, бүртгэх эсэхийг шийдвэрлэж, ажлын таван өдрийн дотор бичгээр мэдэгдэхээр хуульд нэмэлт оруулсан байна.

Санг үүсгэн байгуулах хурлыг Хороо үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэснээс хойш нэг сарын дотор зарлан хуралдуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хорооны журамд зохицуулсан байсан бол тус хугацааг ажлын 20 өдөр болгон тогтоожээ.

Гишүүний бүртгэл. Сангийн нэгж эрхийн номиналь эзэмшигчийг бүртгэхдээ бенефициар өмчлөгчийн нэрийг давхар тусгахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Хамтын хөрөнгө оруулалтын сан. Хамтын хөрөнгө оруулалтын санд зөвхөн мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулахаар байсныг өөрчилж, мөнгөн хөрөнгөөс гадна Хорооноос зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслээр хөрөнгө оруулж болохоор хуульчилсан байна. Түүнчлэн хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг нийтэд санал болгон арилжаалахаар зохицуулж байсныг өөрчилж, хаалттай хүрээнд мөн санал болгон арилжаалах боломжтой байхаар хуульд өөрчлөлт оруулсан нь боломжит хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Хамтын хөрөнгө оруулалтын сан нь зохицуулалттай зах зээлд нийтэд нээлттэй арилжаалагддаг компанийн хувьцаа, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, компанийн өрийн хэрэгсэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хөрөнгө оруулах боломжтой байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эдгээрээс гадна гадаад улсын хувьцаат компанийн хувьцаа, гадаад улсын үнэт цаасны зах зээлд арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл, үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэл, гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхэд хөрөнгө оруулж болохоор хуульчилж, хөрөнгө оруулалтын санхүүгийн хэрэгслийг нэмсэн байна.

Өмнөх зохицуулалтаар бүх төрлийн хөрөнгө оруулалтын сангийн активт тавих нийтлэг шаардлага, зохистой харьцааны шалгуурыг Хороо тогтоохоор байсныг өөрчилж, зөвхөн хамтын хөрөнгө оруулалтын сангийн хувьд Хороо нийтлэг шаардлага тогтоож, тэдгээрийг сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт тусгахаар хуульчилсан. Тухайн хөрөнгө оруулалтын сан нь Хорооноос тогтоосон нийтлэг шаардлагаас илүү шалгуурыг хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгээр тогтоож болно.

Хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд сангийн цэвэр активын үнэлгээг кастодиан гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгө оруулалтын менежментийн компани давхар хяналт тавихаар хуульд нэмж зохицуулжээ.

Мөн хамтын хөрөнгө оруулалтын сангийн нийт гаргасан нэгж эрхийн гуравны хоёр буюу түүнээс дээш хэмжээний нэгж эрхийг тухайн санд буцаан худалдахаар захиалга өгсөн тохиолдолд Хороо хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уг зохицуулалтыг нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын санд хамааруулахаар тодотгож, “худалдах захиалга өгсөн” гэдгийг “худалдсан” тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгохоор өөрчлөн зохицуулжээ.

Хөрөнгө оруулалтын санд хориглох үйл ажиллагаа, татан буулгах. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулалтын санд хориглох үйл ажиллагаатай холбоотой дараах өөрчлөлт орсон:

  • Хөрөнгө оруулалтын бодлогод тодорхойлсноос өөрөөр сангийн хөрөнгийг зарцуулах болон сангийн нэгж эрхийг зээлээр олгохыг хориглох тухай зохицуулалтыг шинээр нэмсэн;
  • Өмнө нь “хууль болон Хорооноос тогтоосон хязгаараас хэтрүүлэн бусдаас зээл авах” гэж тодорхойлж байсныг дэлгэрүүлж, “сангийн хөрөнгө оруулагчид ашиг олох болон нэгж эрхээ тодорхой үнэ ханшаар эргүүлэн авах амлалт, баталгаа гаргах, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч хууль болон Хорооноос тогтоосон хязгаараас хэтрүүлэн бусдаас зээл авах” гэж өөрчилсөн байна.

Хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын менежментийн компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсны улмаас тухайн сан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бол уг санг татан буулгахаар хуульд нэмэлт оруулжээ.

Хөрөнгө оруулалтын менежментийн компани. Хөрөнгө оруулалтын менежментийн компани (цаашид “ХОМК” гэх) нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагааг хавсран эрхлэх боломжтой байсныг өөрчилж үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ болгож өөрчилсөн.

ХОМК нь үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэгчтэй харилцан хамааралтай этгээд бол, мөн ХОМК-ийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны холбогдох этгээд нь үнэт цаасны брокер, дилер, андеррайтер, кастодиан, үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан бол Хороо ХОМК-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлтэй байсныг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хүчингүй болгосон байна.

ХОМК-д хориглох үйл ажиллагааг өргөжүүлж дараах үйл ажиллагааг хориглохоор нэмсэн байна:

  • Хувийн ашиг сонирхлын үүднээс сангийн хөрөнгийг зарцуулах;
  • Удирдлагын зардлыг үндэслэлгүй хэтрүүлэх;
  • Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ эрсдэлийг төвлөрүүлэх;
  • Сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, сангийн гишүүдийн хурлын зардал, хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ болон гүйцэтгэлийн урамшууллаас бусад төлбөр, хураамжийг сангийн хөрөнгөөс гаргах.

Бусад. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргахыг хориглосон заалтыг хүчингүй болгосон байна.

Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө итгэмжлэн удирдах журам нь Хорооноос баталсан үлгэрчилсэн журамд нийцсэн байх, тус журмыг Хороо бүртгэсний дараа хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах гэрээ байгуулах саналаа нийтэд зарлах зохицуулалт болон хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хуулбарыг сангийн нэгж эрхийн танилцуулгад хавсаргах зохицуулалтыг тус тус хүчингүй болгожээ.

Гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалтын сан ажиллуулахаас бусад хөрөнгө оруулалтын сангийн санхүүгийн тайлан бэлтгэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх зааврыг Хороо санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлахаар хуульд шинээр зохицуулжээ.

Мөн биржээр арилжаалагддаг сан нь хөрөнгө оруулалтын сангийн нэг төрөл болох, сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг нэг удаа сунгах зэрэг Хорооны журмаар зохицуулдаг байсан зарим харилцааг хуульд тусгасан байна.

 

САНАМЖ:

“Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг, эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамраагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

 

~oOo~

 

 

 

Leave a Reply

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading