Legal Newsletter #12
LEGAL NEWSLETTER
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн энэ оны #12 дугаарыг хүргэж байна.
Өнөөдрийн дугаараар:
- Шинэ зохицуулалтын булан: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын 2023 оны 112 дугаар тогтоол
- Мэдээний булан: Сонгуулийн санал авах өдөр ажилтнууддаа чөлөө олгохгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
- УДШ-ийн булан
1. УИХ-ын 2023 оны 112 дугаар тогтоол
Монгол Улсын Үндсэн хуульд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцооцоор явуулна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж заасан бөгөөд үүнийг 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг хуульчилсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2023 оны 06 сарын 16-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр дараах онцлог зохицуулалтууд тусгагджээ. Тухайлбал,
- Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх /мажоритар/, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх /пропорционал/ аргаар сонгоно.
- Олныг төлөөлөх мажоритар арга гэж тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.
- Хувь тэнцүүлэн төлөөлөх пропорционал арга гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал хуваарилж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг аймгийн 7, нийслэлийн 6 буюу нийт 13 тойрогт байгуулахаар тогтжээ. Мөн гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулахтай үүрэг бүхий Төв болон салбар комисс байгуулах, үйл ажиллагааны цаглабрыг тодорхойлжээ.
2.Сонгуулийн санал авах өдөр ажилтнууддаа чөлөө олгохгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан. Сонгуулийн Ерөнхий Хорооноос байнга оршин суугаа газраасаа өөр газар ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хангах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Автотээврийн үндэсний төв болон уул уурхай, эрдэс баялгийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгжийн удирдлага, ачаа тээвэр болон төрийн бус байгууллагын 300 гаруй хүнтэй уулзалт хийж, санал зөвлөмж өгчээ.
Уул уурхай болон зам тээврийн компаниуд санал авах өдөр ажиллахгүй байхаас гадна ажилтан оршин суух үндсэн хаяг дээрээ очиж саналаа өгөх боломжоор хангахад зориулж нэгдсэн унаа, тээврийн хэрэгслээр хангах, санал авах өдөр ачаа тээврийн боомтуудыг амраах, нүүрс ачилтыг түр зогсоох үйл ажиллагааг зохион байгуулахыг зөвлөсөн байна.
Хэрэв сонгуулийн санал хураах өдөр ажилтнуудаа амраахгүй, саналаа өгөх боломжоор хангахгүй бол хуульд заасан хариуцлага хүлээнэ. Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.31 дэх хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах шаардлагатай.
3.УДШ-ИЙН БУЛАН
Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны 6 дугаар сарын хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэн, зарчмын хариулт өгчээ. Үүнд:
- Уртын ээлжийн ажилтны илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцох эсэх асуудал
- Зээлийн эрсдлийн даатгалын гэрээний шаардах эрх Иргэний хуулийн 443.7-д заасны дагуу шилжих эсэх, энэ зохицуулалтыг 497.1-тэй уялдуулан тайлбарлах асуудал
- Үүргийн гүйцэтгэлийг барьцаа ба фидуцээр зэрэг хангасан тохиолдолд фидуцийн зохицуулалтыг зөв хэрэглэх асуудал
- Зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүгийн төлөлтийг тооцоход Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглэх асуудал
- Банкны зээлийн өр үүсгэн худалдан авсан дундын өмчийн орон сууцыг гэрлэлт цуцлах үед хуваарилах асуудал
- Буцаан худалдан авах үүрэг нь ипотекоор хангагдах шаардлага болж чадах эсэх, Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу ипотекоор хангагдах шаардлага солигдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх асуудал
- Гуравдагч этгээдэд ашигтай гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлэх этгээдийг зөв тогтооход анхаарах асуудал
- ТАЗ, прокуророос ИХ-ийн 498.5-ийг үндэслэн шаардлага гаргах үед хариуцагчийн гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох асуудал
- 9.Гэрээний зөрчлийг хянан хохирол гаргуулсан шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн маргаанд гэрээний анз тооцох зохицуулалт үйлчилсээр байх эсэх, хуульд заасан үүрэг зөрчигдсөнд тооцон хохирол шаардах үндэстэй эсэх,
- Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноор ажил олгогчийн зардлаар суралцсаныг эргүүлэн шаардах эрхийн тухай
Бид эдгээр маргаантай холбогдуулан гарсан дээд шүүхийн тогтоолыг дараа дараагийн мэдээллийн булангаараа нарийвчлан оруулах тул та ойр байгаарай 😊
Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.
#Цогц #Шуурхай #Баталгаатай #Хялбар #Найдвартай #ХуульчРобот
Та өөрт шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгээ илүү хялбар, хурдан хугацаанд авах бол iGeree–г сонгоорой. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэг түгээмэл ашиглагддаг 30 орчим гэрээ, журам, 200 орчим төрлийн тушаал, ажлын байрны тодорхойлолтоос сонголтоо хийх боломжтой.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:




