Legal Newsletter #13
LEGAL NEWSLETTER
2024.07.05
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй хуулийн мэдээ, мэдээллийн энэ оны #13 дугаарыг хүргэж байна.
Өнөөдрийн дугаараар:
- Шинэ зохицуулалтын булан: “Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /Бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам”
- Мэдээний булан: Нийслэл дэх гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулна
- УДШ-ийн булан: Хувийн эрх зүйн субьект өөрийн гаргасан баримт бичгийг нөгөө улсад хүлээн зөвшөөрүүлэхэд Апостиль гэрчилгээгээр баталгаажуулах эсэх асуудал нь сайн дурын шинжтэй
1. “Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /Бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам”
Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 18.14, хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.5-д заасны дагуу “Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /Бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам”-ыг Сангийн сайд болон СЗХ-ны даргын хамтарсан тушаалаар баталжээ.
Журмын хүрээнд албан татвар суутган төлөгч гэдэгт үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага болон кастодианы үйл ажиллагаа эрхлэгчийг ойлгох бөгөөд суутган төлөгчийн үнэт цаас борлуулсны орлогод албан татварыг суутган ногдуулахдаа уг журмын хавсралтад заасан жигнэсэн дундаж өртгийн аргыг баримтална.
Албан татвар суутган төлөгч нь дотоодын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо үнэт цаас борлуулсны орлогоос уг үнэт цаасыг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хасаж хуульд заасан хувь хэмжээгээр албан татварыг суутган, төсөвт шилжүүлнэ. Энэхүү зардал буюу шимтгэлийн дүнг үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэгчээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэнэ.
Суутган төлөгч нь хувь хүний үнэт цаас борлуулсны орлогод дараах хувь хэмжээгээр татвар ногдуулан суутгана.
- Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн үнэт цаас борлуулсны орлогод 10 хувиар,
- Монгол Улсад байнга оршин суугч бус албан татвар төлөгчийн үнэт цаас борлуулсны орлогод 20 хувиар,
Суутган төлөгч нь аж ахуйн нэгжийн үнэт цаас борлуулсны орлогод дараах хувь хэмжээгээр татвар ногдуулан суутгана.
- Монгол улсад байрладаг албан татвар төлөгч болон төлөөний газраар бүртгүүлсэн Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн үнэт цаас борлуулсны орлогод 10 хувиар,
- Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн үнэт цаас борлуулсны орлогод 20 хувиар,
Cуутган төлөгчдийн уг журмын дагуу суутгах албан татварт 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар хөнгөлөлттэй хувиар ногдуулж, суутгах юм. Уншигч та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл журмын эх хувилбартай танилцаарай.
2.Нийслэл дэх гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулна
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгасан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхтэй зөвшилцөн боловсруулж ирүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталжээ.
Шинэчилсэн найруулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулахтай холбоотой зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ. Үүний нэг нь Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг нийслэлийн хэмжээнд 1 байгуулахаар тусгаж, энэ төрлийн шүүхийг байгуулснаар дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын ачаалал 15-20 хувь багасана гэж тооцжээ. Хуулийн төсөл хэрэгжих боломжит хугацааг 2026 оны 01 сарын 01-ээс эхлэн хэрэгжих боломжтой гэж тооцоолсон байна.
3.Хувийн эрх зүйн субьект өөрийн гаргасан баримт бичгийг нөгөө улсад хүлээн зөвшөөрүүлэхэд Апостиль гэрчилгээгээр баталгаажуулах эсэх асуудал нь сайн дурын шинжтэй
Нэхэмжлэгч Д.Р болон С ХХК нар хариуцагч Э ХХК болон түүний гүйцэтгэх захирал болох нэр бүхий гадаад улсын иргэнд холбогдуулан “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн … оны … дугаар сарын …-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, компанийн охин компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Р нь “С” ХХК-ийн 49 хувийг, “Э” ХХК нь тус компанийн 51 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг. Хариуцагч буюу хувьцаа эзэмшигч “Э” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч нь гадаад улсын хуулийн этгээд, гүйцэтгэх захирал нь гадаад улсын иргэн юм.
Талуудын хооронд үүссэн маргааны гол зүйл нь “С” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Э” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-д хувьцаа эзэмшигчийн хурал хуралдуулахтай холбоотой эрхийг итгэмжлэлээр олгосны хүрээнд М.Т нь С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, холбогдох шийдвэрийг гаргажээ. Энэ хүрээнд хурлын зарыг зохих журмын дагуу хүргэсэн эсэх, хувьцаа эзэмшигч “Э” ХХК-ийг төлөөлөн хурал зарлах эрх итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон эсэх байв.
Нэхэмжлэгчийн зүгээс тус компанийн 49 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд өнөөдрийг хүртэл компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Гэтэл хариуцагч болох компанийн 51 хувийг эзэмшигч Э ХХК-иас хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг албан ёсоор гаргаж, хүлээлгэн өгөлгүйгээр Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж Гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах бүрэн эрхэд үндэслэлгүйгээр халдсан тул тус хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
Анхан болон Давж заалдах шатны шүүх Хариуцагч хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хуульд заасны дагуу хүргэсэн гэж дүгнэсэн боловч “Э” ХХК нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлахын тулд “Э” ХХК-д түүний эх компани болох гадаад улсын хуулийн этгээд болон түүний гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргах эрх олгох, эсхүл энэ тухай тусгайлсан итгэмжлэл олгох буюу Апостиль гэрчилгээтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Дээд шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Учир нь “С” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нь “Э” ХХК байх ба тус компани нь Монгол Улсын хуулийн этгээд байна. Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу “Э” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд компанийг төлөөлөн өдөр тутмын шийдлийг гаргах эрхтэй. Ийнхүү шийдвэр гаргах бүртээ өөрийн эх компаниас итгэмжлэл, эсхүл эрх олгосон шийдвэр авах шаардлагагүй.
Апостиль гэрчилгээг хэрхэн хэрэглэх, энэ талаарх Гаагийн конвенцийн зорилго нь нийтийн эрх зүйн баримт бичгийг үйлдсэн этгээд бүрэн эрхтэй эсэх, нийтийн эрх зүйн баримт бичгүүдийг хүлээн зөвшөөрөх нийтлэг стандартыг тогтоох явдал.
Иймд хувийн эрх зүйн субьект өөрийн гаргасан баримт бичгийг нөгөө улсад хүлээн зөвшөөрүүлэхэд Апостиль гэрчилгээгээр баталгаажуулах эсэх асуудал нь сайн дурын шинжтэй бөгөөд уг баталгаажуулалтыг хийлгээгүй нь баримт бичгийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
Энэ тохиолдолд итгэмжлэлийг олгосон ба авсан этгээдүүдийн аль аль нь ийнхүү олгосон, хүлээн авсан асуудалдаа маргаагүй бөгөөд төлөөллийн харилцаанд төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг төлөөлөгч илэрхийлснийг төлөөлүүлэгч дэмжин зөвшөөрсөөр байгаа тохиолдолд гуравдагч этгээд уг төлөөллийг үгүйсгэх нь ач холбогдолгүй байна. Энэ агуулгаар Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.” гэж заасан байдаг. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-ийн итгэмжлэл нь гадаад, эсхүл Монгол Улсад үйлдэгдсэн аль ч тохиолдолд итгэмжлэлийг олгох эрх бүхий этгээд өөрөө төлөөллийг дэмжин зөвшөөрсөн нөхцөл байдлыг үгүйсгэх боломжгүй гэж Дээд шүүх дүгнэжээ.
Санамж: “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой тул тус мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй болно.
#Цогц #Шуурхай #Баталгаатай #Хялбар #Найдвартай #ХуульчРобот
Та өөрт шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгээ илүү хялбар, хурдан хугацаанд авах бол iGeree–г сонгоорой. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэг түгээмэл ашиглагддаг 30 орчим гэрээ, журам, 200 орчим төрлийн тушаал, ажлын байрны тодорхойлолтоос сонголтоо хийх боломжтой.
Та доорх линк, эсвэл QR кодоор нэвтэрч 7 хоног тутмын и-мэйл мэдээ авах боломжтой:
Энд дарж линкээр холбогдоно уу
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу:



