Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

MDS&KhanLex LLP

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Улсын Их Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдаж 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байна.

Энэхүү хуулиар үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бий болгох, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллуулахаар тогтоосон, Мэдээлэх үүрэгтэй этгээд, Өндөр эрсдэлтэй харилцагчийн хамрах хүрээг өргөжүүлсэн зэрэг нэмэлт, өөрчлөлт орсон. Одоогийн байдлаар энэхүү нэмэлт өөрчлөлтөд тусгасан Үндэсний зөвлөлийг байгуулаагүй байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд “Мэдээлэх үүрэгтэй этгээд” буюу банк, санхүүгийн байгууллагууд нь 20 сая төгрөг түүнээс дээш үнийн дүн бүхий гүйлгээний тухай мэдээлэл болон Хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол Санхүүгийн Мэдээллийн Албанд мэдээлэхийг шаарддаг. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд дээрх мэдээлэх үүрэг бүхий этгээдийн хүрээг өргөжүүлж, дараах этгээдүүдийг нэмсэн. Үүнд:

  • Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч;
  • Нотариатч;
  • Хуульч болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч этгээдүүд нь дараах үйлчилгээг харилцагчийн нэрийн өмнөөс гүйцэтгэсэн бөгөөд тодорхой үнийн дүнгээс дээш хэлцлийг мэдээлэх үүрэгтэй:
    • Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах;
    • Хуулийн этгээд үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг удирдах эсхүл хэлцлийн үндсэн дээр аливаа тодорхой үйл ажиллагаа явуулах, удирдах, эсхүл хуулийн этгээдийг худалдах, худалдан авах;
    • Харилцагчийн хөрөнгийг удирдах;
    • Компани үүсгэн байгуулах, үйл ажиллагааг удирдахад зориулан хөрөнгө татах, бүрдүүлэхийг зохион байгуулах;
    • Банкны, хадгаламжийн, үнэт цаасны данс удирдах.

Мөн “Мэдээлэх үүрэгтэй этгээд” нь дараах үүргийг нэмэлтээр хүлээх болсон:

  1. Төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр баталж, хэрэгжүүлэн ажиллах;
  2. шинэ бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэхийн өмнө түүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглагдаж болох эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний жагсаалтад нийцүүлэн Терроризмтой тэмцэх тухай хуульд заасны дагуу баталсан хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдэлд аливаа үйлчилгээ үзүүлэхгүй; /Жич, одоогийн байдлаар энэхүү жагсаалт боловсруулагдаагүй байна/
  4. Хориг арга хэмжээний жагсаалтад хамаарах хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдлийн нэр илэрсэн, мэдсэн даруйд урьдчилан мэдэгдэлгүйгээр холбогдох данс, хөрөнгийн хөдөлгөөнийг шууд зогсоож, холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр гүйлгээ хийх эрхгүй болгож, энэ тухай Санхүүгийн мэдээллийн албанд даруй мэдээлэх;
  5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улс орон, нутаг дэвсгэрийн харилцагч нарт харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх ба шаардлагатай бол хууль, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан арга хэмжээг авах. /Жагсаалтыг /

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд “өндөр эрсдэлтэй харилцагч”-ийг таньж мэдэхэд нарийвчилсан үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхийг шаардсан байдаг бөгөөд нэмэлт, өөрчлөлтөөр дараах харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзэхээр заасан. Үүнд:

  • улс төрд нөлөө бүхий этгээд;
  • мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд;
  • мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн  Партнер С.Батбуянаас авна уу. Утас: +(976) 11 330048; email: batbuyan@mdsa.mn

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй

Leave a Reply

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading